Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-ийн 13; 33 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараах асуулгыг тавьж байна.
Ил тод, нээлттэй, хариуцлагатай олон улсын жишигт нийцэхүйц хувийн хэвшлийг бэхжүүлэх зорилгоор 2011 онд Компанийн тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Үүнтэй холбогдуулан компанийн тухай хуулийн хэрэгжилт, компанийн засаглалын асуудалтай холбогдуулан дараах асуултанд хариулт авахыг хүсч байна. Үүнд:
1. Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн нийт компаниуд дүрмээ шинэчлэн 2012 оны 7 дугаар сарын 1-ний дотор улсын бүртгэлд бүртгүүлэх заалтын хэрэгжсэн байдал,
2. Хувьцаат компани (ХК) болон төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн нийт гишүүдийн 1/3 нь хараат бус байх заалт хэрхэн хэрэгжиж буй?
3. Хувьцаат компани болон төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ-ийн дэргэд Аудитын, Нэр дэвшүүлэх болон Цалин урамшууллын хороодтой байх заалтын хэрэгжилт,
4. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-аар ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагыг томилох (сонгох)-доо тухайн компанийн ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооноос дэвшүүлсэн хүнийг томилох заалтын хэрэгжилт,
5. Нийт компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хуралдуулсан байх, хэрэв уг хурлыг хуралдуулаагүй бол уг хурлыг хуралдуулах эрх бүхий этгээдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болох заалтын хэрэгжилт,
6. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүйгээс ТУЗ-ийнх нь бүрэн эрх дуусгавар болсон төрийн болон хувьцаат компанийг Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) нийтэд мэдээллэх заалтын хэрэгжилт,
7. Компанийн ТУЗ тухайн жилд ногдол ашиг хувиарлах эсэх тухай шийдвэрээ санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор гаргах заалтын хэрэгжилт,
8. Компанийн ТУЗ тухай жилийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэрийг тухайн хурал хуралдахаас 40 хоногийн өмнө гаргах заалтын хэрэгжилт,
9. Компани жилийн тайландаа тухайн жилд хийгдсэн сонирхолын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл, компанийн ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагад олгосон цалин урамшуулал, компанид болсон томоохон үйл ажиллагаа зэргийг тусгасан байдал, авсан арга хэмжээний талаар?
10. Төрийн болон хувьцаат компанийн эрх бүхий албан тушаалтан тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээдийн мэдээллийг компаниуд бүртгэж буй эсэх
11. Компани өөрийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэл хөтлөлтийг хэрхэн явуулж байгаа байдал,
12. ХК болон төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нар компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан эсэх?
Асуулгын хариуг Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд бичгээр ирүүлж, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Р.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл ( 0 )