Боомтуудын үйл ажиллагааг шуурхайлна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

Өнгөрсөн бямба гарагт Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн хуулийн төсөл өргөн барихаар болсон билээ. Тэдгээрийн нэг нь “Хилийн боомтын тухай” хууулийн төсөл юм. Уг хуулийн төслийг өнөөдөр  Засгийн газрын гишүүн Х.Тэмүүжин УИх-ын даргад өргөн барьлаа.

Энэ хуулин төслийн зорилго нь хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох гэдгийг хууль санаачлагч мэдэгдлээ.  

Олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолд зааснаар манай улс ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын 4, нийт 46 боомт ажиллахаас 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, 7 нь дамжин өнгөрөх боомт байна. Эдгээр боомтын ачаалал сүүлийн таван жилд хоёр дахин нэмэгдсэн байна.

 “Хилийн боомтын тухай” шинэ хуулийг хэлэлцэж баталснаар хил дээрх төрийн зарим байгууллага нэгдсэн нэг удирдлагатай болох юм байна. Түүнчлэн хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх, гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан саад бэрхшээл, хүнд суртал буурах, хилийн боомт дахь шалгалтын давхардал арилах, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо бэхжих зэрэг ач холбогдолтой юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top