Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эрхлэх дуртай юм. Арга ч байж уу. Бүхэл бүтэн тусгаар улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн өндөр албан тушаалыг ээлж дараалан хүртэж, бас болоогүй идэх уух ажилд ч гар дүрээд амжсан сүйхээтэй нэгэн байсныг ч хэлэх үү. Улстөрийн нүүдлийг хэрхэн хийх, хэзээ хэнийг шаглахаа сайн мэддэг энэ эрхмийн хийж байсан ажлын үнэт зүйлс нь өөрийн халаасны хүмүүсийг хаа сайгүй “тавьж” Н.Энхбаярын вант улсыг байгуулах байв. Тэр чадсан. Мэдээж өөрийн гарын хүнээ эрийн цээнд хүрснийх нь дараа түүндээ “эрхэлж” суух гэсэн холч бодлогоо хэрэгжүүлэх гэсэн нь талаар болж улстөрийн гол сөрөг хүчин АН хийгээд МАН түүнийг улстөрөөс арчихыг хүссэн нь түүний улстөрийн хүчтэй байр суурь, тэмтрүүлийг нь хумисан явдал болж эхэлсэн төдийгүй өдгөө ялтан болж хоригдох эхлэлийг тавьсан юм.
Харин улстөрийн хүрээнд голлох байр суурь эзэлж, өөрийн бүтээж бий болгосон бүхэндээ “эрхлэх”-ийг хүссэн тэрбээр шүүх цагдаагийнханд ч бас эрхэлж түүний хийсэн үйлдлийг өршөөх ёстой байв. Өөрөөр хэлбэл төрийн ордны зүүн талд байрлалтай Сүхбаатарын нэрэмжит хэвлэлийн үйлдвэрийн хуучин байр, төрийн ордны баруун талд байрлалтай “Өргөө” зочид буудлын асуудлыг нь цагаатгаад өнгөрөх. Гэтэл түүний эл үйлдэл нь хүн алж хүрээ талсан хүмүүсийн үйлдлээс ч илүү их “ач холбогдол” бүхий гэмт хэрэг болно гэж хэн мэдлээ. Тааварлахын ч аргагүй байсан биз. Түүнчлэн түүнийг хүчтэй өрсөлдөгчөө хэмээн боддог нөхдүүдэд ч энэ таатай өгөөш болж шууд л хорих лагерь руу цөлөх гол сэдэв болсон билээ.
Хэдийгээр Н.Энхбаярын гэх хэрэг гурав, дөрвөн зуун цагдаагийн сүр хүч, тусгайгийнханы дээрэлхүү байдлаар баривчлуулан хөл нүцгэн өргөгдөж явах асуудал биш чиг, хуулийн дагуу ял шийтгэлээ хүлээх ёстой л асуудал байсан. Гэсэн ч Н.Энхбаяр улстөрийг чимээгүйхэн орхиж, намынхаа нөхдүүдийн ард ажиллахыг хүсээгүй. Тиймдээ ч шүүх цагдаагийн эл асуудал нь түүнд давж чадамгүй, туулж дуусамгүй цөл мэт санагдаж тарчилж байгаа. Эрх зан нь бүүр ч илүү сэдэрч эхэлсэн. Тиймдээ ч эрүүл мэндийн асуудал байсхийгээд л сөхөгдөж бүр сүүлдээ “Н.Энхбаярын эд эс мутацид орж байна” гэх мэдээлэл намын зүгээс нисэх болов.
Гайхалтай, хэдхэн жилийн ял сонссон эрхэм түшээгийн бие организм бусдаас илүү онцлог аж. Энэ нь хамгийн богино хугацаанд мутацид орж өөрийгөө ч танихаа байж “Би бол Анхбаяр, Би бол Мэндбаяр” гэхчилэнгээр шинэ дүр төрхөө илэрхийлж эхэлжээ. Тэгэхээр хэдэн жилийн дараа Анхбаяр ч юм уу, Мэндбаяр ч юм уу, аль эсвэл Энхбаяр нэртэй мутацилагдсан хүн ч биш, амьтан ч биш, энд тэндэхийн элдэв хэлээр ярьсан “нөхөр” шоронгоос гарч ирвэл гайхаад байх хэрэггүй нь. Шууд л Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байх нь гэж ойлгох хэрэгтэй болж байгаа юм.
Магадгүй түүний эд эс нь мутацид орж эхлээд байгаа учраас санах, бодох процесст нь өөрчлөлт орж тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд “Сайн хүний үр, сүүт гүүний унага” хэмээн эхнэрээ сойж байгаа ч байж болох юм.
Тэгэхээр шинэ зууны хамгийн анхны дуулиан нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “Монголын анхны мутацилагдсан хүнээр” тодорч буй мэдээ, харин гэргий О.Цолмон нь анхны эмэгтэй Ерөнхийлөгч болохоор хормой шууж буй явдал тодорч байна.
Н.Энэр
Сэтгэгдэл ( 0 )