ТАЗ-ийн дарга Б.Цогоо УИХ-ын гишүүдээс сануулга авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Зүмбэрэллхамыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараагаар түүний оронд Б.Цогоог томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Түүнийг томилох асуудлыг хэлэлцэн 78 хувиар дэмжиж, томилсон юм. Гэвч тэрбээр олонхын санал авахаасаа өмнө олонхи гишүүнээс зэмлэл сонсов.

Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: “Ирэх зургаан жилийн хугацаанд Төрийн албыг улстөрөөс ангид байлгах нь Б.Цогоо даргын үүрэг. Төрийн албан хаагчдаа жил бүр адестатчилалын шалгалт авах, нам солигдох бүрт солигддоггүй байна. Мөн Төрийн албаны толгой нь томдоод байгааг анхаарч, хараат бус төрийн албыг ажиллуулах шаардлага УИХ-д ч Б.Цогоо даргад ч байгаа”

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өнгөрсөн таван сарын хугацаанд Төрийн албаны зөвлөлийн гишүүд алхам тутамдаа хууль зөрчиж байна. Шинээр томилогдсон Засаг дарга нар зөрчиж байгаа юм. УИХ-д гэсэн ийм зүйл байгаа. Ардчилсан намы гишүүдийн төрийн албаны томилгоог хийдэг хүн болохгүй байх гэж бодож байна. Мөн аймгийн Засаг дарга нарыг түр орлон гүйцэтгэх гэдэг албан тушаал байхгүй болсон. Гэтэл өнөөдөр зургаан аймгийн Засаг дарга нарыг түр орлон гүйцэтгэгч томилох гэж байгаа нь мөн Төрийн албаны хуулийг зөрчиж байна гэсэн үг. Төрийн хүн шиг ажиллаасай” гэж хүсч байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Төрийн албан хаагчдын ур чадварын асуудал дээр тогтвортой ажиллахад нь нөлөөлөх зайлшгүй шаардлагатай болсон. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг тусгай сургалтад хамруулах, тэдэнд цалингийн хэмжээг шинэчлэх зэргийг эрхзүйн талаас нь анхаарч ажиллахыг тусгайлан сануулая. Сайн дураар хөдөө орон нутагт ажиллах төрийн албан хаагч дутагдаж байгаа. Тиймээс энэ чиглэлд тодорхой эрхзүйн зохицуулалт хийвэл орон нутаг төрийн албан хаагчдаар дутагдахгүй гэдгийг онцолмоор байна” гэлээ.

УИХ-ын гишүүн  Сү.Батболд “Шинээр томилогдож байгаа даргад нэг зүйлийг мөн эрх баригчдад хэлэе. Канадын жишээг яагаад бид нар авч үзсэн гэхээр хүн ам багатай, боловсон хүчний чалвар мэргэшил нь өргөн сонголт ихтэй биш жижиг оронд төрийн алба нь өөр байдаг. Улстөрийн анмуудын өөрчлөлтөөс болж цөөхөн бэлтгэгдсэн боловсон хүчнээ өөрчлөөд байдаг биш илүү тогтвортой ажиллуулах, чанартай байлгах талаас нь судалж, үзээд хэрэгжүүлдэг байсан. Төрийн албыг тогтвортой ажиллах, мэргэшсэн чанартай төрийн албыг бий болгох нь зүйтэй гэдгийг МАН-ын Засгийн газрын үед авч хэрэгжүүлж байсан юм. Нэгэнт эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Өөрсдийн онцлогт тохируулан гадныхны туршлагийг авах нь зүйтэй юм” гэлээ.

Ингээд санал хурааж, 80,7 хувийн саналаар дэмжиж, Төрийн албаны зөвлөлийн Б.Цогоо удирдахаар боллоо.

Шинээр томилогдсон Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нь 1956 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр 1981-1995 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн, референт, секторын эрхлэгч, орлогч захирал, 1995-2004 онд ОХУ-ын Москва хот дахь Шинжлэх ухаан техникийн олон улсын төвд Монгол Улсын төлөөлөгч, 2004 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Газрын дарга, 2004-2005 онд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал, 2005-2009 онд “Крафт интернэйшнл” ХХК-ийн захирал, 2009 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм байна.

ТАЗ-ийн даргыг томилсоноор өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, 15.00 цагт үргэлжлэхээр боллоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top