Орон нутгийн сонгуулийн асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй байна. Өдгөө зургаан аймаг, гурван дүүргийн Засаг дарга батламжлагдаагүй маргаантай байгаа нь улстөрийн байдал галын шугамд тулж очсоныг илэрхийлж байна. Үүнээс хамгийн хурцадмал байдалтай байгаа аймаг бол Хөвсгөл.
Орон нутгийн сонгуулийн дараа Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гурван ч удаа хуралдсан боловч өнөөг хүртэл Засаг даргаа томилж чадаагүй байна. Уг нь хууль номынхоо дагуу бол Л.Ганболд Засаг дарга болох “виз” өвөртөлж. Энэ тухай албан хүсэлтийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт ч удаа дараа хүргүүлжээ. Гэсэн ч өнөөдрийн хүртэл Засаг даргын томилгооны асуудал нэг тийш шийдэгдэхгүй байснаар барахгүй сүүлдээ юун Л.Ганболдтой манатай асуудал болон хувирчээ. Өөрөөр хэлбэл Л.Ганболдын оронд тус аймгийн Ардчилсан намын дарга Д.Амарбаясгаланг Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Задарсан эрх мэдэлтний завхарсан томилгоо нь хууль хүчний байгууллагуудыг ч эгнээндээ татаж оролцуулж өдгөө Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд цагдаагийнхныг оруулж аймгийн Засаг даргын тамга тэмдгийг хүчээр авчээ.
Эл явдлыг эсэргүүцсэн Хөвсгөлчүүдийн МАН-ын дарга Ө.Энхтүвшин рүү утасдаж хууль ёсоор томилогдох ёстой хүнээс цагдаагийн хүчээр тамга тэмдгийг нь булааж, АН-ын “хүн” үүрэг гүйцэтгэж байгаагийн хариултын нэхэж эхэлжээ. Үүгээр ч зогсохгүй Хөвсгөл аймгийн МАН-ын хорооныхон Захиргааны хэргийн шүүхэд гомдол мэдүүлж, Үндсэн хуулийн цэцэд ч хандсан байна.
Харин албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболдыг батламжлахгүй байгаагийн гол шалтгаан нь урьд өмнө нь төрийн алба хашаагүй гэдэг үндэслэл юм гэнэ. Тиймээс Л.Ганболд нь тус аймгийн Засаг даргаар ажиллах эрхгүй болж түүний оронд АН-ын гишүүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэх. Төрийн алба хашаагүй гэх шалтгаанаар Засаг даргын суудлаас мултарч ч болзошгүй байгаа Л.Ганболдын тухайд Засаг даргын зөвлөхөөр гурван жил ажилласан нэгэн аж. Бас 2008 оноос хойш Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ажилласан гэж байгаа.
Ийм “цусгүй дайн” Хөвсгөлд өрнөөд байгаа учраас МАН-ын дарга Ө.Энхтүвшин өнөөдрийн чуулганы хуралдаан дээр дээрх асуудлыг хөндөж бас Ерөхий сайдыг чуулганы хуралдаанд орж ирэхийг хүссэн. Түүний хэлж байгаагаар “Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын байр руу цагдаа орж байдал амаргүй болсон байна. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн статус ямар ч хуульд байхгүй. Гэтэл Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нэрээр хүн томилчихсон байна. Ард түмний сонголтыг үл хүндэтгэн цагдаа хүчнийхний хүчээр орон нутгийн эрх мэдлийг авахыг оролдож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой. Тиймээс даруй Ерөнхий сайдыг чуулганы нэгдсэн хуралдаанд дуудаж авчран энэ талаар нь ярилцах хэрэгтэй байна” хэмээсэн. Ямартай ч ардчилсан Засгийн газар өөрийн гол уриа болох шинэчлэлээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, цагдаагийн хүчээр орон нутгийн эрх мэдлийг авч байна. Мөн хаа байхгүй тогтолцоог бий болгож Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг цоо шинэхэн албан тушаалыг улёстөрийн эрх ашгийн төлөөнөө бий болгов. Хүчнийхэн улстөрд хошуу дүрэх ёсгүй ч ардчиллыг уландаа гишгэсэн АН-ынхан коммунист маягаар ялалт байгуулах бололтой.
Н.Энэр
Сэтгэгдэл ( 0 )