Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улс төрийн хэлмэгдүүлэлтээр хорьж байгаа гэж үзэн эсэргүүцсэн эмэгтэйчүүд МАХН-ын байранд өлсгөлөн зарлаад хэсэг хугацаа өнгөрсөн . Тус ээжүүдэд хандан МАХН-ын дарга Н.Энхбаяр Зайсан дахь хорих 401 дүгээр ангиас ил захидал бичжээ. Ил захидлыг бүрэн эхээр нь нийтлэв.
Ариун цагаан сүү агуу их халуун бүлээн хайраар тэтгэн тэжээж хүнд амь амьдрал хайрладаг эхчүүд эмэгтэйчүүд маань хэлмэгдэлтийг эсэргүүцэж, миний эрүүл мэнд, эрх чөлөөнд санаа зовниж, өөрсдийн амь нас эрүүл мэндээр дэнчин тавьж, өлсгөлөн зарласныг сонсоод сэтгэл нэн түгшиж энэхүү ил захидлыг бичиж байна. Юуны түрүүнд та бүхнээсээ өлсгөлөнгөө зогсоохыг үгүйдээ гэхэд хойшлуулахыг үнэн сэтгэлээсээ хүсч, учирлан гуйж байгааг минь хүлээн авна уу.
Та бүхэн маань өнөөдөр Монголд ус агаар мэт үгүйлэгдэж байгаа шударга ёс ардчиллыг сэргээн тогтоохын тулд амь нас эрүүл мэндээ золиослон энэхүү хүнд хэцүү тэмцлийн арга замыг өөрийн эрхгүй сонгосныг ухаан санаа минь ойлгож байгаа боловч зүрх сэтгэл минь хүлээн авч чадахгүй байна. Та бүхний маань шударга тэмцэл өнөөгийн Монголын нийгэмд хөл толгой нь солигдчихсон байгааг бэлхнээ харуулж байна гэж хэлвэл буруудахгүй бизээ. Нэрэндээ ардчилсан гэсэн тодотголтой Ардчилсан нам шударга ёс гэсэн тодотголтой МАХН-МҮАН-ын эвсэл ардын хэмээх тодотголтой Ардын намын удирдлагын нэг хэсэг нь авсан албан тушаалдаа ханах, нөгөө хэсэг нь алдсан албан тушаалынхаа хойноос ширүүсч, аль аль нь чимээгүй сууж байх хооронд улс оронд маань өдөр хоног өнгөрөх тусам шударга ёс ардчилал хүний эрх, эрх чөлөө алдагдан, ажилгүйдэл ядуурал авлига хээл хахууль, хүнд суртал, архидалтын намагт гүн гүнзгий живж дээр нь Монголд өвөл болохоор бараг байнга шахуу тохиолддог утаа униарын аймшигт дарамт нөмөрчээ.
Гэхдээ Ардчилсан намд ардчилалд хайртай аливаа хэлмэгдүүлэлтийг тэвчдэггүй, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд шударга ёсыг амь наснаасаа илүү эрхэмлэдэг, хүний эрх, эрх чөлөөг хайрлан хамгаалахаас илүү үндэсний эрх ашиг байхгүйг ухамсарладаг Ардын намд ард түмнийхээ эрх ашгийг боддог жирийн гишүүд мянга мянга байгаа гэдэгт миний бие огтхон ч эргэлздэггүй. Харин өнөөдөр төр засгийн эрх мэдэлтний нэг хэсэг нь засгийн эрхийг барьж, нөгөө хэсэг нь хажуунаас нь хянан шүүмжлэх байдлаар хамтран хэрэгжүүлж байгаа гурав, дөрвөн нам эвслийн удирдлага болон тэдгээрийн жирийн гишүүд дэмжигчдийн хооронд хана хэрэм босч, жирийн гишүүд дэмжигчдийн үг нь удирдлагынхаа чихэнд хүрэхээ больж, санаа бодол нь тэдгээрийн анхааралд өртөхөө больсон нь үнэхээр харамсалтай.
Тухайн үед хайрын дундаас хууль бусаар МАН-АН үүсч, тэгсний уршгаар Монголын ард түмний эрх ашгийн эсрэг шийдвэрүүд гарч, луйврын сонгуулиуд болж, гэмгүй иргэд амь насаа алдаж, амлалт мартагдаж, стратегийн орд газрууд гадаад дотоодын цөөн хэдэн олигархиудын гарт очиж, авлига хээл хахууль цэцэглэснийг иргэд маань мартаагүй гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл одоо гурав, дөрвийн дундаас дахин нэг ёсны МАН-АН үүсч, хэлмэгдүүлэлт газар авч, хүний эрх эрх чөлөө хөсөр хаягдаж, ардчилал хумигдаж, шударга ёс алдагдаж байна гэсэн ойлголт иргэдийн маань дунд бий болжээ. Харин ингэхийг эсэргүүцсэн цөөн хэдэн монголчууд хоорондоо талцан хагаралдаж, албан тушаалын төлөө нэгнийгээ хэлмэгдүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шударга иргэдийн маань зүрх сэтгэлд бухимдал хурж, нүдэнд нь нулимс гүйлэгнэж байгааг хараат шүүгчдийн хууль бус шийдвэрээр хэлмэгдэж, шоронд хоригдож байгаа миний бие жирийн иргэдээс, ирүүлсэн захидлаас уншиж, тэднийг эмнэлгийн цонхоор харж, эргэлтээр ирж уулзаж байгаа хүмүүсийн хэлж байгаа үгнээс сонсож мэдэж байна.
Эхчүүд эмэгтэйчүүд маань хамгийн нарийн мэдрэмжтэй байдгаараа энэ бүх ноцтой байдлыг мэдэрч, ийм балмад явдлыг таслан зогсоохоор зориг шулуудаж, амь насаараа дэнчин тавьж өлсгөлөн зарлажээ. Тэд маань хүний эрх, эрх чөлөө, ардчилал шударга ёсны төлөө түүнчлэн ядуу зүдүү амьдрал, ажилгүйдэл, шударга бус сонгууль, хээл хахууль хүнд суртлын эсрэг өлсгөлөн зарлажээ. Эхчүүд эмэгтэйчүүд маань өөрсдийнхөө төлөө гэхээс илүү эрэгтэйчүүдийнхээ төлөө нийт арл түмнийхээ сайн сайхан амьдрал, үр хүүхдийнхээ гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө аргаа ядаад өлсгөлөн зарлажээ. Тэгвэл би одоо Монголд ардчилал хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны асуудал хувь заяа хүнд хэцүү байдалд орсон байгаа энэ эгзэгтэй үед эмэгтэйчүүд эхчүүдийнхээ ард юу ч болоогүй юм шиг царайлж суух эрх эрэгтэйчүүд бидэнд бий юү гэж асууж байна.
Өлсгөлөн зарлаж тэмцэх нь ямар амаргүй байдгийг хэн нэгнээс сургаар сонссон биш харин өөрийн биеэр туулж мэдсэн учир тэднийхээ амь нас эрүүл мэндийн төлөө санаа зовж буй тул ингэж асууж байгаа юм. Тэднийг маань элдвээр битгий гутааж доромжлоорой. Эх хүн эмэгтэй хүний нулимсыг битгий дуслуулаарай. Эмэгтэй хүн эх хүнээс төрсөн л юм бол тэгж хэлэх эрх хэнд ч байхгүй. Эцсийн эцэст тэд нар маань стратегийн ордыг хувьдаа авъя, сонгуулийг шударга бусаар явуулъя, худлаа амалъя, хээл хахуулийг цэцэглүүлье, албан тушаалын төлөө улайран урваж шарваж, хүн чанараа мартъя гэж өлсгөлөн зарлаагүй шүү дээ.
Өлсгөлөн зарлахын тулд сэтгэлийн ихээхэн хүч тэнхээ хэрэгтэй. Хүний сэтгэлийн хүч тэнхээ зөвхөн зөв юмны төлөө явуулж байгаа тэмцлийн үед ундарч гардаг. Харин одоо тэднийхээ тавьж байгаа хүсэлт шаардлагыг шийдэж, хангах эрх үүрэг бүхий албан тушаалтан байгууллага туйлын шуурхай ажиллаж, нэн даруй шийдвэрлэх ёстой гэдгийг хатуу анхааруулж байна. Өлсгөлөн зарласан хүний тавьж байгаа шаардлага хэзээ ч улс оронд, ард түмэнд монгол хүний эрх ашгийн эсрэг байдаггүйг эрх мэдэлтнүүд ухаарах цаг болсон. Гэхдээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэл нь зөвхөн намуудын хийх ёстой ажил билээ. 21 жилийн ой болж байгаа Монгол Улсын Үндсэнд хуульд Ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тунхаглан заасан байдаг. Тэгвэл өнөөдөр Монголд төр, засгийн ямар байгууллагын үйл ажиллагаа Үндсэн хуулийн энэхүү зарчимд нийцэж байна вэ? гэдгийг асуух шиг болжээ. Асуугаад зогсохгүй яг энэ зарчмаар албан тушаалтан болгон байгууллага бүрийн ажлыг шалгах, алдаа дутагдлыг нь илрүүлэн засах цаг иржээ. Үнэн хэрэгтээ энэхүү заалт ноцтой зөрчигдөж байгаа учраас ялангуяа хараат байдалд орсон хууль шүүхийн байгуулллагын зарим ажилтны улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгаврын дагуу явуулж байгаа хууль бус үйл ажиллагаа гаргаж байгаа хууль зөрчсөн шийдвэрүүд ээжүүд, эмэгтэйчүүдийг маань өөрийн эрхгүй амь нас, эрүүл мэндээ золиослон өлсгөлөн зарлах байдалд хүргэж байгааг хаана хаанаа ойлгох цаг болжээ. Ойлгоод зогсохгүй энэ байдлыг даруй засч шалган, эмэгтэйчүүд, ээжүүд маань өлсгөлөн зарлахгүйгээр үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, эрчүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээн өрх гэрийнхээ чимэг нь болж, амар тайван амьдрах нөхцөлийг нь хангаж бүрдүүлцгээе гэж нийт монголчууддаа хандан уриалж байна.
Өлсгөлөн зарлаж байгаа эхчүүд, эмэгтэйчүүдийн тоо цөөн байна гэж битгий бодоорой. Үнэн хэрэг дээрээ алхам тутамдаа шударга бус явдалтай тулгарч, түүнд ширвүүлж байгаа энэ бүхэнтэй тэмцэх юмсан, бүр өлсгөлөн зарлах юмсан гэж бодож байгаа ч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаанаар өлсгөлөн зарлаагүй байгаа эхчүүд, эмэгтэйчүүдийн тоо хавьгүй олон байгаа нь ойлгомжтой. Гэхдээ нэг ч гэсэн монгол эх, эмэгтэй хүн өлсгөлөн зарлана гэдэг бол манай нийгэмд шударга ёс алдагдсаны төр, засаг байгууллага, албан тушаалтнуудын явуулж буй ажиллагаа, гаргаж буй шийдвэрүүд нь буруу байгаагийн маш тодорхой үзүүлэлт юм. Нэгэнт өлсгөлөн зарласан эхчүүд, эмэгтэйчүүд дээр улам олон эх, эмэгтэй нэмэгдэхийг хүсэхгүй л байгаа юм бол тэдгээр эхчүүд, эмэгтэйчүүдийн тавьсан шаардлагыг нэн даруй биелүүлэх ёстой гэдгийг эрх баригчдад хандан дахин сануулан шаардаж байна.
Одоогоос нэг жилийн өмнө НҮБ-ын хүн ам зүйн асуудал хариуцсан байгууллага манай гариг дэлхий дээр амьдарч, аж төрж байгаа үндэстний ирээдүйн өсөлт бууралт орших, эс оршихын талаар илтгэл судалгаа хийснийгээ дэлхий дахинд зарлаж танилцуулсан билээ. Тэр судалгаагаар зарим үндэстэн өсч үржинэ гэсэн байхад зарим нь цөөрсөөр улмаар мөхөж устана гэж гарсан байсан. Эрдэмтэн, судлаачид тухайн үндэстэн мөхөж сөнөхийг тэр үндэстний хамгийн сүүлчийн эмэгтэй хүн байхгүй болсноор тооцож, таамагласныгаа илтгэл-судалгаандаа тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр тухайн үндэстний орших, эс оршихын хувь заяа эмэгтэй хүн, эх хүний амь нас, амьдралтай шууд холбоотой байдаг байх нь ээ. Монгол үндэстний орших, эс орших нь монгол эх хүн, эмэгтэй хүний амь нас амьдралаас шууд шалтгаална. Монгол эмэгтэй, эх хүний амь нас эрсдэлд орно гэдэг бол монгол үндэстний орших, эс орших эрсдэлд орж байна гэсэн үг. Тийм учраас би өлсгөлөн зарласан эхчүүд эмэгтэйчүүддээ хандан өлсгөлөнгөө зогсоохыг дахин үнэн сэтгэлээсээ учирлан гуйж хүсч байна.
Та нарын маань тавьсан шаардлагыг өнөөгийн эрхтэн дархтнууд сонссон нь ойлгомжтой. Харин шаардлагыг биелүүлэх эсэх нь тэдний мэдлэг боловсрол, хүн чанар, ёс суртахуун, ухамсар хариуцлагаас шууд шалтгаална. Тэдэнд мэдлэг боловсрол, ёс суртахуун, хүн чанар үнэхээр байгаа бол шаардлагыг чинь биелүүлэх үүрэгтэй. Байхгүй бол илжигний чихэнд ус хийгээд ч алт хийгээд ч адилхан сэгсэрнэ гэдгээр болох бизээ. Та нар маань зүрх сэтгэлийнх нь чих дүлийрсэн, оюун ухааных нь нүд сохорсон албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдийн албан тушаал түүнийг дагасан авлига хээл хахуулийн төлөө улайрсан байдлын золиос болох хэрэггүй. Тэдний арчаагүй нүүр царайг ард түмэн маань таньж мэдээд, дотроо дүгнэлт хийвэл та нарын өлсгөлөн томоохон үр дүнд хүрсэн гэсэн үг. Юм эргэхдээ эргэнэ гэж ухаан ард түмэн маань ярьдаг шүү дээ.
Хараат хууль шүүхийн байгууллагуудын зарим ажилтнуудын хууль бус ажиллагаа зөрчсөн шийдвэрээс хэлмэгдэж байгаа би Монгол Улсад ардчилал шударга ёсыг сэргээн тогтоох, монгол хүний эрх, эрх чөлөөг хангуулахын тулд өлсгөлөн зарлаж, амь нас, эрүүл мэндээ золиослон тэмцэхэд жирийн иргэд маань түүний дотор эхчүүд, эмэгтэйчүүд тууштай тэмцсэнийг сайн мэднэ. Гэхдээ иргэд маань ялангуяа эхчүүд, эмэгтэйчүүд маань надаас дахин битгий өлсгөлөн зарлаарай хэмээн нүдэндээ нулимстайгаар гуйж хүсч байдаг тул би өлсгөлөн зарлахыг тэвчиж байгаа. Одоо би эргээд эхчүүд эмэгтэйчүүдээсээ гуйж байна. Та нар маань өлсгөлөнгөө зогсооно уу.
Шударга ёс ардчилалыг сэргээж, монгол хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалах, иргэдээ өндөр боловсрол, нарийн мэргэжилтэй, амьдралд нь хүрэлцэхүйц цалин мөнгө, тав тухтай суух орон байртай болгож, байгалийн баялгаа ард түмэндээ дундын өмч болгон өмчлүүлэхийг зорьж байгаа та бидний шударга тэмцэл эхэлж байна. Энэ ариун тэмцэл улам ихээр эрч хүчээ авна гэдэгт эргэлзэхгүй байна. Эрүүл мэнд амь насаа бодоорой гэж хүсч гуйя. Юм эргэхдээ эргэнэ. Та бид, Монголын ард түмэн ялна.
Жич: Уг нь би шинэ оныг шоронд биш, ард иргэдтэйгээ хамт гудамж талбайд уулзан учирч, гэртээ гэрийнхэнтэйгээ хамт сууж угтахсан гэж хүсч байсан. Гэвч хараат шүүгчдийн хууль бус шийдвэрээр шинэ онтой шоронд залгалаа. Эхнэр маань надтай хамт шинэ оныг угтахаар шоронд ирэхэд нь би зөвшөөрөөгүй. Гэрээ эзгүй үлдээж болохгүй гэж тайлбарлаад буцааж явуулсан. Эрчүүд нь ямар нэг шалтгаанаар эзгүй байвал эмэгтэйчүүд, эхчүүд маань гэрээ эзгүй орхих ёсгүй.
Монгол эх, монгол эмэгтэй байгаа цагт монгол айл өрх эзгүйрэхгүй. Монгол үндэстэн мөхөхгүй. Есүхэй баатар хорлогдсоны дараа Өүлэн үжин гэрээ эзгүй орхиогүй учир монгол үндэстэн сэргэн мандсан түүх үүнийг батална. Баатрууд байхгүй болсон цагт монгол эхчүүд, эмэгтэйчүүд баатрууд болдог. Монголчууд минь ээ, монгол эхчүүд, эмэгтэйчүүдээ хайрлан хамгаалж, хүндэтгэн биширч явцгаая. Яарч бичсэн захидал маань эв хавгүй болсон байж мэднэ. Гэхдээ уран үгтэй захиа байхаас үнэн үгтэй захидал байх нь илүү чухал. Харин ил захидал маань хаягласан эзэддээ хурдан очоосой. Нэг ч гэсэн хоногийн өмнө эхчүүд, эмэгтэйчүүдийн өлсгөлөн зогсоосой хэмээн залбирнам.
Сэтгэгдэл ( 0 )