Шинэ томилгоонууд хийгдэж шинэчлэлийн баг бүрдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Тус хурлаар шинээр томилогдсон засаг даргын орлогч, агентлагуудын дарга нарыг танилцуулсан. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ нарыг томилжээ.

 Харин Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны дарга Ю.Идэрцогт, Хөдөө аж ахуйн газар, Үйлдвэр экологийн хэлтсийг нэгтгэж Үйлдвэр хөдөө аж ахуйн газар болгон Г.Пүрэвсүрэнг даргаар нь томилсон байна. Газрын албыг Өмчийн харилцааны газартай нэгтгэсэн бөгөөд тус газрын түр орлон гүйцэтгэгчээр Ш.Төмөрбаатар ажиллах юм. Гэр хорооллын хөгжлийн  газрын дарга н.Ганхуяг, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр, Нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар Л.Нарантуяаг томилжээ.

Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоосон билээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа санхүүгийн албаны даргаар Э.Энхцэцэг, Инженерийн байгууламжийн хэлтсийн даргаар С.Бат-Өлзий, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар Нарантуяа, Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргаар Т.Батбаяр, Үйл ажиллагааны мониторингийн хэлтсийн даргаар Дэлгэрбаяр нарыг томилсон байна.

Харин Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Шархад, Амгалан, Улиастай дахь ажлын албаны даргаар Гантөр, Баянхошуу дахь ажлын албаны даргаар Нямсүрэн, Наран дахь ажлын албаны даргаар Эрдэнэтуяа, Дарь-Эх, Цайз зах дахь ажлын албаны даргаар А.Мишигдорж, Яармаг, Нисэх дахь ажлын албаны даргаар Р.Дамдин, Толгойт ажлын албаны даргаар С.Эрдэнэбат нарыг тус тус томилжээ. Ямартай ч хотын дарга шинэчлэлийн байгаа бүрдүүлчихлээ. Ажилдаа ханцуй шамлан орох л үлдлээ.

А.НОМИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top