Н.Энхбаярыг хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлэх үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Эрүүл мэндийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313/3/16 тоот тушаалаар батлагдсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай” журмын 6.2 дугаар заалтыг хүчингүй болгожээ. Энэхүү заалт нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрүүл, амьд явах эрхийг ноцтой зөрчсөн байх тул тус журмын хүнд болон онц хүнд гэмт хэргийн улмаас хоригдож байгаа ялтан эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж авах болон өвчний улмаас ялаас чөлөөлөгдөх эрхгүй байхаар заасан байжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. ЭМЯ-наас томилогдсон эмч нарын бүрэлдэхүүн үзлэг шинжилгээ хийн, Н.Энхбаярыг яаралтай Клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан билээ. Гэвч Нийслэлийн прокурорын газраас 2002 онд батлагдсан Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 313/316 тушаалаар баталсан журмын дагуу түүнийг шилжүүлэхгүй гэж байсан. Тиймээс Эрүүл мэндийн сайд Н.Удвал уг журмыг хүний амьд байх эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн үзэж өөрчлөлт оруулжээ. Уг өөрчилсөн хүсэлтээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хүргүүлсэн ч Х.Тэмүүжин сайдаас ямар нэгэн хариу өгөөгүй тул уг журмыг хүчингүй болгожээ. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр Клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой болж байгаа юм гэж намынх нь нөхдүүд мэдэгдэв.

А.НОМИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top