Монгол Улсын иргэн А.Одончимэг, Г.Шархүү, Т.Оюунцэцэг, Б.Чимгээ, Н.Отгон, Б. Отгон, Д.Дэлгэрмөрөн нарын эмэгтэйчүүд улс төрийн хоригдол болох Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндээ хамгаалуулах эрх зөрчигдөж, удаа дараа нийгмийг цочроож, айдас дагуулсан хууль бус баривчилгаа, ардчилсан Монгол улсад нүүрлээд байгаа улс төрийн хэлмэгдүүлэлтээ даруй зогсоохыг шаардаж, 2013 оны 1 дүгээр сарын 9-ны өдрийн өглөөний 9 цагаас эхлэн улс төрийн хугацаагүй өлсгөлөн зарласан билээ. Эдүгээ 135 цаг үргэлжилж байгаа уг өлсгөлөн МАХН-ын Төв байранд болж байгаа юм. Алдарт эхийн одонт эхчүүд эрх баригчдаас нэг л зүйл хүсэмжлээд байгаа. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндэд санаа зовж, түүнийг 2 дугаар эмнэлэгт нь шилжүүлэхийг шаардаж байгаа юм. Тэд өөрсдийн тэмцлээ зөвхөн нэг хүний төлөө биш, Монголд нөмрөөд аваад байгаа айдас хүйдэс, элдэв хэлмэгдүүлэлтийг ийнхүү эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд байгаа.
Үндсэн хуулинд Монгол хүн эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах эрхтэй заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 3-т заасан ‘’Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлэгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно ‘’ гэсэн заалтууд байсаар байтал Хууль зүйн сайд энэ асуудлыг судалж байж, шийднэ гэсээр өнөөг хүртэл таг чиг байсаар байгаа. Хууль зүйн сайд одоо хэрэгжүүлж байгаа хуулиа давсан журмаа хууль зөрчсөн заалт гэдгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн гэнэ. Хуулиас давсан журамд дурьдсанаар, ХЗДХ, ЭМЯ-ны сайд нарын 2002 оны 313 дугаар тушаалын 3.1-д хүнд онц гэмт хэрэгт шийтгүүлсэн болон чанга түүнээс дээш дэглэмд ял эдэлж байгаа ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв орон нутгийн эмнэлэгт шалгуулж эмчлэхийг хориглоно гэсэн заалт нь Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг эхчүүд эсэргүүцэж байгаа билээ. Гэтэл Н.Энхбаярт хүчээр тохоогоод байгаа гэх хэрэг онц хүнд гэмт хэрэг мөн үү? Гэтэл дээрх журмаар 2 дугаар эмнэлэгээс шилжүүлсэн нь нь бас л хууль зөрчсөн үйлдэл болжээ.
Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хууль зөрчсөн шийдвэрийг эргэн харж, өлсгөлөн зарласан ээжүүдийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийн оронд харин ч тэднийг үл ойшоож, би уг нь энэ шийдвэрээ өөрчлөх гэж байтал даанч эхчүүд өлсгөлөн зарласан тул тэдний хүсэлтээр шийдвэрээ цуцалсан мэт хүмүүст муухай харагдах тул түр хүлээхээр боллоо ухааны юм хэлсэн гэнэ. Ээжүүд өлсгөлөн зарлаж байгааг дэмжиж, хөдөө орон нутгаас олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд нэмэгдэн ирсээр байгаа бөгөөд зарим аймгууудад ээжүүд нутагтаа өлсгөлөн зарлахаа илэрхийлж, улам хүрээгээ тэлсээр байгаа нь эрхэм сайдын сэтгэлд нийцээгүй төдийгүй сайдыг өлсгөлөн зарласан ээжүүдийг үзэн ядаж, гэдийлгэхэд хүргэсэн байна. Эрхэм сайд ээжээс унасан уу, эсвэл цэцэгнээс ургасан уу гэдэгт хүмүүс эргэлзэхэд хүргэжээ. Сайдыг гэдийлгэсэн ээжүүдийн цурхиралт улам хүрээгээ тэлсээр, намын байр ээжүүдийн хөлд дарагдаад байна. Мөн өлсгөлөн зарлахаар бүртгүүлсэн эхчүүдийн тоо 216-д хүрчээ.
Шинэчлэлийн Засгийн газар гэсэн гоё нэртэй ч эгэл түмнээсээ нүүр буруулан шилэрч, ээжүүдэд хүртэл хатуурхаж байгаа Х.Тэмүүжин сайд Улсын ерөнхийлөгч байсан хүнийхээ эрүүл мэндийг төдийгүй ээжүүдийн эрүүл мэндийн тэнхээг ийнхүү шалгахаар шүд зууж байгаа нь хичнээн хүний амь нас, эрүүл мэндээр тоглож, тохуурхахыг хэн мэдлээ.
Сэтгэгдэл ( 0 )