Б.Обама манай сайдыг ”Овал” танхимд хүлээн авч уулзжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

 

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Элчин сайд Б.Алтангэрэлийг Итгэмжлэх жуух бичгээ барьж үүрэгт ажилдаа орж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч Б.Обама түүнийг Цагаан ордны "Овал” танхимд хүлээн авч уулзжээ.

Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгээ барихад АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Маккеон, Ёслолын албаны дарга К.Маршал нар байлцжээ.

Б.Алтангэрэл эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын ард түмний нэрийн өмнөөс АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон АНУ-ын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ уламжилж байгааг илэрхийлэхийн зэрэгцээ Монгол-Америкийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн 25 жилийн турш Иж бүрэн түншлэлийн зарчмын дагуу өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа цохон тэмдэглэсэн байна. Тэрээр Монголын ард түмэн АНУ-ыг гуравдагч хөршөө хэмээн үздэгийг болон манай ардчиллыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэнд талархаж байдгийг онцлон өгүүлжээ.   

Ерөнхийлөгч Б.Обама Элчин сайд Б.Алтангэрэл үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэхийн ялдамд Монгол-Америкийн хоорондын дотно харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тэрээр Монгол Улс болон АНУ ардчиллын нийтлэг үнэ цэнэ, хамтын ашиг сонирхолд тулгуурласан онцгой нөхөрлөлийг хөгжүүлж ирснийг тэмдэглэв. Өнгөрсөн жил Монгол-Америкийн хооронд Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиосон. Ирэх 25 жилд бид бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хамтдаа хувь нэмрээ оруулах болно. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа, иргэд хоорондын солилцоог өргөжүүлэх замаар Монголын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэхийн төлөө байна. АНУ Монголтой хөгжүүлж буй харилцаагаа өндрөөр үнэлж байдгийн сацуу энэхүү чухал харилцааг цаашид улам өргөжин бэхжүүлэхийг төлөө байгааг Ерөнхийлөгч Б.Обама цохон тэмдэглэсэн байна.

Мөн тэрээр 011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсанаа санахад таатай байна гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид чин сэтгэлийн мэнд уламжлахыг хүсчээ. Мөн онд Дэд ерөнхийлөгч Ж.Байден Монголд айлчилсан, өнгөрсөн зун Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон Улаанбаатарт хийсэн айлчлалдаа тун өндөр сэтгэгдэлтэй байдгийг онцоллоо.

Монгол Улс богино хугацаанд тайван замаар ардчилалд шилжиж иргэддээ улс төр, эдийн засаг, нийгмийн эрүүл орчинг бүрдүүлж чадсанаараа дэлхийд үлгэр жишээ улс болж байна. Өнгөрсөн зун, намар парламент болон орон нутгийн сонгуулиа амжилттай зохион байгуулсанд АНУ баяр хүргэж байгааг илэрхийлэв.

Өнөөдөр манай хоёр улс олон салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна. Монгол Улс эх орноосоо алс чанадын бүс нутагт ардчилал, эрх чөлөө, аюулгүй байдлыг хөгжүүлэх эрмэлзлэл төгс байгаагаа харуулж чадсан. Афганистан, Ирак, Өмнөд Судан болон дэлхийн бусад өнцөг буланд  энхийг сахиулах үйлсэд монголын оруулж буй хувь нэмрийг Америкийн Нэгдсэн Улс болон олон улсын хамтын нийгэмлэг сайшаан талархаж байдаг. Сүүлийн хоёр жилийн турш Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг чадамгай тэргүүлж байгаад баяр хүргэж байна. Монгол Улс ЕАБХАБ-т элсэж орсон нь олон улсын хамтын нийгэмлэг энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн төлөө Монголтой хамтран ажиллахын үнэ цэнийг  харж мэдэрч байгаагийн  бас нэгэн жишээ хэмээн онцолсон тухай ГХЯ-аас мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top