УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн ирцийг хангах, хуралдаан тасалсан тохиолдолд хариуцлагажуулах өөрчлөлтийг УИХ-ын тухай хуульд оруулхаар төсөл санаачилснаа УИХ-ын гишүүн М.Зоригт, С.Одонтуяа нар өнөөдөр /2013.01.15/ УИХ-ын даргад өргөн барилаа.
Сүүлийн үед УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүйн улмаас чуулганы үйл ажиллагаа гацаанд орох, шийдвэрлэвэл зохих асуудал цаг хугацаа алдах зэрэг бэрхшээл учрах боллоо гэж хуулийн төсөл өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн М.Зоригт ярилаа. Түүнчлэн “Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ оны нэгдүгээр сарын 3-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15 цагт эхлэхээр төлөвлөсөн боловч 50 минут хоцорч, 46 гишүүнтэйгээр хуралдаж, энэ өдөр 17 гишүүн хурал тасалж, 19 гишүүн хоцорсон гэсэн мэдээг УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан зохион байгуулах албанаас гаргажээ” гэв. УИХ-ын намрын чуулганы хуралдаан эхэлснээс хойш зарлагдсан 23 өдрийн хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүдийн ирц 2 удаа, МАН-ын бүлгийн гишүүдийн ирц 8 удаа, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн ирц 5 удаа, ИЗНН-ын гишүүдийн ирж 11 удаа, бие даагч гишүүдийн ирц 14 удаа 50 хувьдаа хүрээгүй байна. Тиймээс нам эвслийн бүлгүүд ирц хангах үүргээ биелүүлэхгүй байгаа нь УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах, нам эвслийн бүлгүүдийн харилцаа, хамтын ажиллагаа, бүтээмжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага гарч байна гэж УИХ-ын гишүүн М.Зоригт, Д.Батцогт, С.Дэмбэрэл, С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, А.Бакей, Д.Эрдэнэбат гишүүд үзэж холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилжээ.
Төсөлд УИХ дахь нам эвслийн бүлэг нь нэгдсэн чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдаанд өөрийн бүлгийн гишүүдийн ирцийг 50 болон түүнээс дээш хувиар хангаж оролцуулах, дээрх үүргээ 8-аас дээш удаа биелүүлээгүй бүлгийг татан буугдсанд тооцох тухай өөрчлөлтийг оруулахаар тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )