М.Энхсайхан: Х.Баттулга сайд ерөөсөө бусдыг сонсдоггүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

Монголын төмөр замын дарга М.Энхсайханыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг ТУЗ нь хуралдаж гаргасан билээ. ТӨХ-оос гаргасан шийдвэрийг дэмжиж байгаагаа МТЗ-ийн ТУЗ-ийн гишүүд өчигдөр албан ёсоор мэдэгдсэн бөгөөд М.Энхсайхан өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, ажлаа хүлээлгэж өгсөн. Тухайн асуудлаар МТЗ-ын дарга асан М.Энхсайхантай ярилцлаа.

-Үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд ямар бодолтой явна вэ?

-Миний бие Шинэчлэлийн Засгийн Газраас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхээр ажиллаж байлаа.Өнөөдрийн байдлаар манай улсын ЗГ-аас хэрэгжүүлж буй шинэ төмөр зам тавих төслийн хүрээнд ажиллах асуудлаас шалтгаалж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. 14:35 мм-ын ийм төмөр замыг Хятадаас Казахстанруу ирсэн замууд, Казахстаны замууд ийм болж байгаа. Мөн европ руу чиглэсэн замууд бүгд ийм болж байгаа. Өчигдөрхөн гэхэд Европын холбоо Казахстан улсад их хэмжээний мөнгө баталсан байгаа юм.  Энэ юу гэсэн асуудал вэ гэхлээр хуучин байсан Оросуудын тавьсан төмөр замыг засах шинээр тавих хөрөнгө мөнгийг баталсан. Өөрөөр хэлбэл хэн байгалийн баялагтай. Түүнийг хэн авч байгаа яг л түүн рүү хүргэж өгөхөөр тэрхүү цариг замыг нь хэрэглэж байгаа. Бид нар өөрөө өөрсдийгөө тусгаарласан тийм мунхаг бодлогтой байж болохгүй шүү дээ. Ийм буруу бодлогоос болоод Монгол орон өртэй болох юм бол бид нар хүний улс болно. Монголчууд эдийн засгийн ашиг гаргаж чадахгүй бол ядуу байна. Ядуу хүний зовлон ямар байдаг билээ. Бидний нар амссан зовлон шүү дээ. Одоо бол би үргэлж идэвхитэй байна. Энэ тухай их ярина гэж бодож байгаа шүү.

-Ажлаас чөлөөлөгдсөн талаараа Шадар сайд Д.Тэрбишдагватай санал солилцсон уу?

-Үгүй, Бүгд мэдэж байгаа шүү дээ. Ажил хэргийн холбоо  байнга бий. Түүнд эргэлзэх зүйл байхгүй. Гэхдээ  энэ чинь хувь хүнтэй холбоотой асуудал. Би хувийн  асуудал болгож гомдол гаргаад байгаа юм  байхгүй. Бондоороо зөв зүйл хийе. Битгий салхинд хийсгээсэй гэж бодож явна. Урд, хойд хөршөө үгүйсгээд орос хятадтай муудалцахаар хаа хүрэх вэ. Байж болохгүй асуудал. Нарийндаа ярьвал өмнө явж ирсэн алдаанууд юу вэ гэхээр хөршүүдтэйгээ муудалцаж ирсэн. Энэ алдаатай бодлого шүү дээ. Улс төрийн том алдаа. Үүнийгээ засах хэрэгтэй.

Хөрөнгө оруулагчдад сонирхол бий. Хэдийгээр бондоос мөнгө босгож байгаа ч гэсэн  30 хувиас хэтрүүлэхгүй. Цаана  байгаа 70 хувийг өөрсдөө хөрөнгө оруулагчдыг татаж босгох хэрэгтэй.  Хийж байгаа  төсөл нь ийм ашигтай шүү гэж хэлэх ёстой шүү дээ.  Гэтэл хэлэх ёстой төсөл нь хуруу дарам цөөн байна. Төмөр зам дотроос ердөө Гашуун сухайт Таван Толгой чиглэлэийн төсөл өөрөө мөнгө босгох чадвартай, мөнгө шингээх чадвартай төсөл. Бусад нь бүгд одоохондоо судалгаа тооцоогоо нарийвчилж хийх хэрэгтэй . Буруу бодлого явуулж байгаа учраас их мөнгийг элсэнд шингээж байна.  Маш буруу. Хавь ойртойгоо уяалдсан бодлого алга. Монголчууд далайд гарцгүй ямар нэгэн бүтээгдэхүүнийг экспортлоод, ачаад заръя гэж мөрөөдөж байгаа. Энэ чинь хүний л боомт дээр очно гэсэн үг шүү дээ.

Эхлээд төмөр зам барихаасаа өмнө хөршүүдтэйгээ хэлэлцээрийн ширээнд сууж танай нутаг дээгүүр жоохон юм зөөх гэсэн юм. Боомтоор чинь  цааш нь гарах гэсэн. Транзит гэрээ хийж сурах ёстой. Ийм гэрээ хийх учиртай Зам тээврийн яам энэ ажлаа хийхгүй байна. Мэргэжилтнүүдийн хэлдэг зүйлийг сонсохгүй өөрөө өөрийгөө тусгаарлаад байгаа . Энэ  байдал нь тэд өөрсдийгөө бус Монголыг бусад улс орноос тусгаарлаж үл ойлгогдох зүйл бий болгож болохгүй. Энэ бол дэндүү боловсролгүй хүмүүсийн  хийж байгаа ажил.

-Таныг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, зам тээврийн сайд хоёр ажлаас тань чөлөөллөө гэсэн мэдээлэл их гарч байгаа. Энэ хэр үндэслэлтэй юм бэ?

-Би Х.Баттулга сайд дээр нэг зүйлийг харуусаад байна. Ерөөсөө хүн сонсдоггүй. Өөрийгөө  зөв гэсэн бол  чигээрээ зүтгэдэг. Гэтэл  хүн бусдыг сонсч, өөрийгөө өөрчлөх чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Би ч буруу ярьж болно.  Би асуудлыг ярихдаа олон хүнтэй зөвлөдөг. Ингэж үргэлж зөвлөлдөж байж хамтын оюун ухаан гарна. Өөрийгөө ухаантай гээд бодчихвол бусдыг сонсдоггүй муу чанар Х.Баттулга сайдад бий. Тэр чанараа өөрчлөөсэй. Тэгэхгүй бол боловсролын төвшин зөрчихвөл мэдээлэл нь зөрнө. Тэгвэл монголд л гай болно.

-Таныг Төрийн өмчийн хорооны даргын албыг хаших байх гэсэн мэдээлэл гарч эхэллээ?

- Худлаа. Хүмүүсийн цуу яриа байх.

-Та шинэчлэлийн Засгийн газарт дахиж алба хаших уу?

-Бараг л үгүй гэж бодож байна.

-Яагаад?

-Би түүнийг шийддэг хүн биш. Маш хариуцлагатай ажлаа надад өгөөд хийх гэхээр хийлгэхгүй байгаа юм чинь өөр надад  ямар ч ажил өгөөд нэмэргүй. Би очоод дахиад л энэ чинь буруу байна гэж хэлнэ. Дахиад намайг өшиглөнө. Тийм учраас хувь хүнийнхээ хувьд тийм хувь заяаг амсмааргүй байна.

-Таньд Засгийн газар байгуулагдах үед сайдын суудал амалсан. Та татгалзсан гэсэн. Яагаад татгалзах болов оо?

-Өнгөрсөн  юмыг яримааргүй л байна. Анх Засгийн газар байгуулагдах  үеийн л асуудал. Сонгуулийн дараа  Засгийн  газар байгуулагдах нь өөрөө амин асуудал. Гэтэл нэг хоёр хүнээс болоод байгуулж чадахгүй бол Монгол Улсад  хүнд байдал үүснэ. Тийм учраас Засгийн газрыг байгуулах ажлыг түргэвчлүүлэх үүднээс  би голд нь зогсоод яахав гэж бодож замаа тавьж өгсөн.

-Эвсэл задарна гэсэн мэдээлэл их бий?

Тийм ирээдүйг харахгүй байна.

-Та Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?

-Энэ талаар ярихад эрт байна шүү. /инээв/

А.НОМИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Çî÷èí(122.201.18.210) 2013 оны 04 сарын 10

Òà ë òýãâýë íýð í¿¿ðýý áàðæ äýý

0  |  0
Top