Газрын хууль гишүүдийг маргуулав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан Төрийн ордны “А” танхимд хуралдаж, Газрын тухай хуулийн төсөл болон дагалдсан багц хуулиудын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төслүүдийн танилцуулгыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан байнгын хорооны хуралдаанд хийсэн юм.

Асуулт, хариулт өрнөх үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хуулийн төслийг боловсруулахдаа эрх ашиг нь хөндөгдөх иргэд, байгууллагын саналыг ямар хэлбэрээр тусгасныг тодруулж, энэ талаарх мэдээллийг хаанаас үзэж, танилцаж болохыг сонирхсон бөгөөд хуулийн төсөлд тусгагдсан нийтийн эрх ашиг гэдгийг чухам юу гэж ойлгохыг асууж байсан.

 УИХ-ын гишүүн А.Бакей, газартай холбоотой маргаан дагуулсан асуудал их байдаг. Энэхүү хуулийн төслийн найруулгад нийгэмд тулгамдаад буй газрын талаарх ямар томоохон асуудлыг шийдэхээр тусган оруулж ирсэн бол гээд, бэлчээрийн харилцааны бие даасан хууль гарах эсэхийг тодруулж байлаа. Үүнд сайд хариулахдаа, бэлчээрийн газрыг малчдад эзэмшүүлж болох тухай яригдаж буйг хэлж, иргэдэд газар эзэмшүүлэх тухай УИХ-ын нэр бүхий 7 гишүүний хуулийн төслийг өнөөдрийн багц хуулиудтай хамт хэлэлцээд явах болсныг дуулгасан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, бэлчээрийг эзэмшүүлж хувьчлах тухай яригдаж байна. Энэ тохиолдолд малчид чухам яаж хүлээж авах вэ, уламжлалт нүүдлийн мал аж ахуйн харилцаа үүнтэй хэрхэн уялдаж, дасан зохицох вэ хэмээн хуулийн төсөл санаачлагчдаас асуухын хамт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхээр бол эрхийн хүрээний асуудлыг нь хуулинд хэрхэн тусгаж оруулж байгаа зэргийг  тодруулсан. Мөн тэрээр газрыг албадан чөлөөлөх хуулийн төслийн утга агуулгыг сонирхож байв.  Үүнд сайд Ц.Баярсайхан хариулахдаа, газрыг албадан чөлөөлөх гэдгийг эндүү ташаа байдлаар ойлгуулах зарим мэдээлэл гарсан байсан, төрийн нэрийн өмнөөс иргэдийнхээ газрыг авах гэсэн хэрэг биш юм. Дэд бүтэцтэй газар нь холбоотой гарцаагүй тохиолдолд л уг асуудал хөндөгдөх бөгөөд харин ч эсрэгээрээ үүнээс үүдэн гардаг иргэний эрх ашгийг хамгаалах, зохицуулах талаас нь хандсан байгаа. Өмнө нь газар чөлөөлөх асуудлын хувьд хийгдээд л явдаг байсан ажил, гэхдээ иргэдийн эрх ашиг хохирох, эрх нь зөрчигдсөн тохиодолд хариуцах эзэн нь тодорхой бус байсан зэргээс үүдэн гарах харилцааг зохицуулах ач холбогдлыг нь зөвөөр ойлгох хэрэгтэй гэсэн юм.

Дээрх хуулиудын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ц.Дашдорж, Б.Бат-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар  нарын олон гишүүн асуулт асууж, үг хэлсний хамт газар зохион байгуулалт, төлөвлөлтийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний хэлсэн үгэнд судалгаа шинжилгээг дорвитой хийх, газрын тухай хуулиуд нь тодорхой хүссэн үр дүнд хүрч чадах эсэх, газрыг эргэлтэд оруулах асуудал бүрэн гүйцэд шийдэгдэж чадах эсэхэд чиглсэн байв.

Мөн зарим газрыг албадан чөлөөлөх хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Эрдэнэбат нар ширүүхэн маргалдаад авсан нь тухайн хуулийн төсөл дээр гишүүдийн байр суурь зөрчилдөж байгаа нь илт байлаа.

А.НОМИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top