Хөвсгөлчүүд суулт хийж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын төв Хотгойдын шадар ван Чингүнжавын талбайд өчигдөр иргэд сонгогчдын цуглаан болсон байна. Тус цуглаанд 800 орчим хүн оролцжээ. Тэдгээр жагсагчид Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин хууль бусаар аймгийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчийг томиллоо хэмээн үзэж, ийн эсэргүүцлээ илэрхийлсэн юм байна.

Тэд цуглаанаасаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлэхээр болж гарын үсэг зурж баталгаажуулжээ. Мөн цуглаанд оролцогсод “Хуулиа дээдэлж сонголтоо хамгаалах” түр зөвлөл байгуулж Ерөнхий сайдаас хариу иртэл Чингүнжавын талбай дээр гэр барьж улстөрийн суулт хийхээр болсон байна. Ерөнхий сайдад хандсан тэрхүү шаардлагад аймгийн ИТХ-аас санал болгосны дагуу Засаг даргад нэр дэвшсэн Л.Ганболдыг батламжилж өгөхийг хүссэн байна. Ийм алхам хийхгүй бол хөвсгөлчүүд бидний сонголтыг төр дээрэмдсэн хэрэг болж хувирч байна гэжээ.

Өнгөрсөн онд болсон орон нутгийн сонгуульд хөвсгөлчүүд идэвхитэй оролцож, өөрсдийн сонголтоо хийсэн байна. Тодруулбал, аймгийн ИТХ-ын 41 мандатаас МАН олонхи буюу  23 суудал авчээ. Ард иргэдээс сонгогдсон  Аймгийн ИТХ хуулийн дагуу хуралдаж, Аймгийн Засаг даргыг 3 удаа сонгон,  Ерөнхий сайдад уламжилсан боловч тодорхой шалтгаангүйгээр батламжлахаас татгалзаж удаа дараа буцаан хугацаа авсан байна. Эцэст нь  Монгол Улсын үндсэн хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөрчин  цөөнх болсон Ардчилсан намаас Аймгийн засаг даргын түр үүрэг гүйцэтгэгч томилсон  захирамж гаргасан нь ийнхүү Хөвсгөлчүүдийг улстөрийн суулт хийхэд хүргэсэн байна.

А.НОМИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top