Өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд урьд өмнө гарч байгаагүй нарийн нандин хэргийг шүүнэ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт холбогдох “Салаавчны” хэргийг хэлэлцэхээр товложээ. Түүнийг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үеэр цагдаагийн ажилтны өмнөөс эсэргүүцэл үзүүлж, биед нь халдсан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад өдгөө шүүхээр товлож байгаа юм. Гэхдээ хэргийн гол учиг нь цагдаагийн биед халдсан ч биш, хэл амаар доромжилсон ч биш ердөө л айхтар хоёр салаавчны асуудал явж байгаа.
Тухайн үед Н.Энхбаярыг цээжээрээ хамгаалж дийлэлгүй хүчнийхний өмнө хүчин мөхөсдсөн Ц.Шинэбаяр аргаа барахдаа хоёр гар, хуруугаа ашиглан эцсийн зэвсгээ хэрэглэсэн нь өдгөө шүүхийн хаалга татахад хүргээд буй. Уг нь хэрэг дээрээ УИХ-ын гишүүд буйдан дор дарагдаж, нүднийхээ шилийг хагалуулснаар зогсохгүй зарим нэг нь тархи толгойгоо доргиосон хэмээн гомдол мэдүүлж байлаа. Бас УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэд халдсан учраас асуудлыг шүүхээр шийдүүлнэ бид гомдолтой хэмээн халдашгүй дархан эрхээ хагалуулсан нөхдүүд зэрэгцэн зогсоод мэдэгдэж байлаа. Гэвч өнөөдөр тэдний халдашгүй дархан байдлыг хагалсан нөхдүүд болон гомдлын ул мөр алга.
Харин ч хэрэг явдал эсрэгээрээ эргэж УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр Төрийн цагдаа, тусгай албаны чухал алба хаагчдын өмнөөс салаавч үзүүлж хэл амаар доромжилсон хэргээр ял сонсож мэдэх нь. Өнөөдөр 09.00 цагаас эхэлж буй шүүх хурал дээр УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр өөрийн биеэр морилж салаавчныхаа учрыг тайлбарлана. Үүнээс өмнө салаавчныхаа тухай албан ёсны тайлбар хэлээгүй экс гишүүний ойрын хүмүүс “Хоолой өвдөөд үг хэлэх боломж гараагүй учраас хэлэх гэсэн үгээ гараараа илэрхийлсэн” хэмээж байлаа. Өөрөөр хэлбэл тухайн үед Ц.Шинэбаяр хоолойны хагалгаанд орсон байсан гэх яриа гарч байсан юм. Тэгэхээр УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр салаавч өгөхөөс өөр аргагүй байсан юм байх.
Ямартай ч Монголдоо л анхдагч болсон салаавчны асуудал өнөөдөр нэг тийш шийдэгдэж магадгүй. Харин шүүгдэгчийн тухайд өөрийг нь шүүх гэж байгааг мэдээгүй хэмээж. Бас эл асуудалд нэлээд эгдүүцэнгүй хандаж “Монголын шоронгийн хоригдлуудын тоо дутаж байгаа бол би очиж бөглөе дөө” гэжээ. Бас үүнийхээ хажуугаар “Надад яллах дүгнэлт өгөөгүй байгаа. Өдөр, ажлын цагаар ажлаа амжуулж чаддаггүй шүүх, прокурорын байгууллага ажлын цаг дууссан дараа шөнө дөлөөр яллах дүгнэлтээ авчирч өгөх юм байлгүй” хэмээн шүүх байгууллагынханыг ч бас чимхээд авчээ. Тэр хэзээний хэдэр ядар зантайгаараа алдартай УИХ-ын гишүүн асан “Буян”-гийн Б.Жаргалсайхан, “Захиргаагүй” гэх хочтой УИХ-ын гишүүн асан Д.Загджав нараас ч илүү шийртэй юм гээч. Тэгэхээр ойрын хэдэн өдрүүдэд Монголчууд бид салаавчаар "амьсгалж" дээрх хэрэг хэрхэн шийдэгдэхийг чих тавин хүлээж суух болох нь дээ.
Г.Од
Сэтгэгдэл ( 0 )