“Хүүхэд харах үйлчилгээ”-г хуульчлана

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийг төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Уг хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий долоон гишүүн хамтран боловсруулсан байна.

Бага насны хүүхдийн эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд амьдрах, тэднийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, чанартай хоол хүнсээр хангах, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор бага насны хүүхдийг харах цагийн уян хатан нөхцөл бүхий үйлчилгээг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 2-6 насны хүүхэд хамрагддаг бол хүүхэд харах үйлчилгээнд 1-6 насныхан хамрагдаж болох юм. Уг үйлчилгээг эрхлэхдээ хоол хүнс, эрүүл ахуйн стандарт, хүүхдийн аюулгүй байдал, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтанд хамрагдсан, өөрийн өмчлөлийн байртай байх зэрэг шаардлагыг хангасан байх талаар төсөлд тусгасан байна.

Шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг аймаг, нийслэлийн боловсролын газар бүртгэж, хүүхэд харах  эрхийн гэрчилгээг олгож, бусад дүрэм журмыг Засгийн газраас батлаж байхаар хуулийн төслийг боловсруулсан аж гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top