Ц.Элбэгдоржид чин сэтгэлийн хариу мэндчилгээ дэвшүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези Улсад суух Элчин сайд Ч.Баттөмөр тус улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёонод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичгээ барьсан гадаад улс орнуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзах нэгдсэн арга хэмжээний үеэр Элчин сайд Ч.Баттөмөр Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёонод болон индонезийн ард түмэнд дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгчийн  2012 оны 9 дүгээр сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлал шинэ түлхэц болсоныг онцлон дурджээ. Мөн Монгол-Индонезийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тодорхой салбар, чиглэлийг тодорхойлоход удахгүй болох хоёр талын Хамтарсан комиссын анхдугаар хуралдаан чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ.

Түүнчлэн 2013 оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хуралд индонезийн тал өндөр түвшинд төлөөлөгч оролцуулна гэдэгт найдаж буйгаа энэ дашрамд илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид чин сэтгэлийн хариу мэндчилгээ дэвшүүлж, хоёр талын харилцаанд чухал ач холбогдол өгч байдгаа илэрхийлжээ.

 

 

 

               

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top