Монгол Улсын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Шадар сайд Д.Тэрбишдагва аймгуудын Засаг дарга нартай жилийн хугацаатай гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээгээр Төсвийн ерөнхийлөн захирагч Шадар сайд, аймгийн Засаг дарга нарын хооронд харилцан үүрэг хүлээж хэрэгжүүлэх ажил үйлчилгээг тодорхой болгож өгч байгаа юм. Тухайлбал Онцгой байдлын газрын материаллаг баазыг сайжруулах, мэргэжлийн хяналтын газрыг ажлын болон лабораторийн байраар хангаж, ажиллах нөхцөл бололцоог сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, эрхлэх асуудлын хүрээний агентлагуудтай хамтран “Хэрэглэгч Та-Хаан 2013” үндэсний форум, болон хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх” өдөрлөгийг зохион байгуулах гэх мэт олон асуудлуудыг хамтарч хийхээр гэрээнд тусгасан байна.
Төрийн удирдлагыг ил тод, нээлттэй, шударга хариуцлагатай ёс зүйтэй ажиллахыг сануулаад, амжилтын үндсийн тал хувь нь зохион байгуулалтын асуудал байдаг. Тийм учраас үүрэг, хариуцлага хоёрыг салгаж ойлгож болохгүй. Үүргийг дагаж хариуцлага бий болдог. Хариуцлага нь үүргийн биелэлтийн хяналт байх болно гэдгийг Шадар сайд онцоллоо хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )