Британи Улс Монголын нэр хүндийг бататгахад чухал нөлөөлсөн гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

 

Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт Гадаад харилцааны яамны “Номин” танхимд боллоо.

Гадаад харилцааны сайд Л.Болд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Британи Улс өрнөдийн улс гүрнүүдээс хамгийн түрүүнд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноор Монгол Улсын олон улсын нэр хүндийг бататган бэхжүүлэхэд чухал түлхэц өгсөн орон юм” гээд монголчууд  бид үүнийг манай гадаад харилцаанд гарсан түүхэн чухал үйл явдал хэмээн үздэг болохыг тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн 1911 онд Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, Төрт улсаа сэргээн мандуулсанаа дэлхий нийтэд, түүний дотор Британи Улсад албан ёсоор мэдэгдэж, Хүрээнд Элчин төлөөлөгчөө суулгахыг урьж байсныг түүхийн эх сурвалжууд өгүүлдэг болохыг онцлоод хагас зууны тэртээ Монгол Улс, Британи Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон явдал нь манай улсыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үйл явцад чухал алхам болсныг тэмдэглэсэн юм.

Монгол, Британийн хооронд 1963 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 50 жилийн ойг 2013 оны турш хоёр талдаа тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Түүхт ойн жилийн хүрээнд Монгол, Британийн харилцааны 100 жилийн түүхийн 2 боть судалгааны бүтээл гаргах, 19 дүгээр зууны эхээр Монголд зочилсон Британийн аялагчдын тэмдэглэлийг монгол хэлнээ хөрвүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохиох зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top