4-5 сая ам.долларын хэрэг АН-ын дотоод хагарлыг хурцлав уу

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан юм. Гэвч хэвлэлийн бага хурлын гол асуудал нь Н.Энхбаяр ч биш, цаг үеийн амин чухал асуудал ч биш ерөөс МИАТ компанийн нэр дээр их хэмжээний мөнгө угаасан хэрэг байв.

Эрхэм сайдын хэлж байгаагаар МИАТ компанийн нэр дээр мөнгө угаасан гэмт хэрэгт улстөрийн нам холбоотой аж. Энэ нь ч үнэн. Яагаад гэхээр албан тушаал, эрх мэдлийн төлөө уралддаг цөөхөн хэдэн монголчууд бүгдээрээ нэг намын харъяалалтай болсон учраас. Бараг л Х.Тэмүүжин сайдын өөрийнх нь тогоон дотор л хэргийн учиг зангилаа явж байгаа гэхэд хилсдэхгүй болох нь. Хууль зүйн сайд ч өөрөө “Энэ хэргийг МИАТ-ын удирдлагууд ч юм уу бизнесмэн хийдэг ажил биш,  үүнд гарцаагүй улстөрийн нам хүчнүүд оролцсон байх магадлалтай. Хэрэв энэ хэрэгт АН-ынхан оролцсон бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ” гээд ам алдчихсан. Тэр хэнд хариуцлага тооцохоор ийн хэлэв. Бас АН-аас хэн хэн энэ хэрэгт нэр холбогдох вэ гээд олон асуулт ургана. Ямар ч байсан их хэмжээний мөнгө угаасан хэрэгт АН-ын угшилтай нөхдүүд холбогдох нь дамжиггүй.

Учрыг өгүүлье.

МИАТ компанийг дампууруулах замаар их хэмжээний мөнгийг гадаадын банкинд байршуулж улмаар МИАТ компанийг хувьчилж авах оролдлого явж байсныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж өдгөө энэ асуудал нь дуулиан болоод буй. Мөнгөн дүн нь 4-5 сая ам.доллар гэж байгаа. Эл хэрэгт холбоотой хүмүүсийн хамгийн эхэнд “Монголиан Эйрлайнес” ХХК-ийн эзэн Ч.Хоролсүрэн нэр холбогдоно. Тэрбээр мөнгө угаадаж байх үед МИАТ компанийн Каммер, Санхүүгийн албаны даргын албыг хашиж байсан учраас. Он тооллын тухайд 2005-2010 он хүртэл.

2007 оны II сар, 2008  оны III сар хоёр удаа, 2008 оны IX сард хоёр удаа нийт 5 удаа Хон Конгийн банк руу асар их мөнгө шилжсэн нь Ч.Хоролсүрэн даргын үед гэсэн үг.

Тийм ч учраас эл хэргийн сэжүүр гарч ирмэгц “Монголиан Эйрлайнес” ХХК-ийн эзэн Ч.Хоролсүрэнг цагдан хорьж шалгаж байгаа юм. Харин түүний араас МИАТ компанийн захирлын албыг 2009-2010 онд хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ , 2010-2012 он хүрэл тус компанийг удирдаж байсан Ц.Орхон нарын хүмүүс “дээлээ  нөмөрсөн” байх юм.

Харин АН-аас нэр холбогдох хүмүүс нь хэн бэ?

Эл асуудалд хамгийн түрүүнд нэр холбогдож олны сэжгийг төрүүлэх хүн бол яах аргагүй УИХ-ын гишүүн Х.Баттулга, Лу.Болд нар. Эрхэм гишүүд юуны учир ийн хардуулахад хүрэв гэдгийг өгүүлсү. 2011 оны 11-р сард байгуулагдсан “Монголиан Эйрлайнс” гэх хувийн авиа компани бий. Баргийн баяныг ч хөлдөө чирж мэдэхээр их хөрөнгө мөнгө хаяж, цацаж гарч ирсэн тус компанийн ард хэн байна вэ гэдгийг манайхан тааж эхэлсэн. Тэгвэл “Монголиан Эйрлайнс”-ийн угшил нь ийм.

Цагтаа МИАТ-ын Камерын асуудал эрхэлсэн даргын албан тушаалыг хашиж байсан Ч.Хоролсүрэн  ажлаасаа гарахдаа МИАТ-ын нэрнээс эхлээд чамгүй зүйл хаман авч гарсан нь өдгөө илрээд буй. Тухайн үед “Монголиан Эйрлайнс” нэрийг МИАТ-аас хулгайлсныг нь олон хэвлэлүүд бичиж байсан боловч ёстой л нүдэн балай, чих нь дүлий гэгчээр таг өннгөрүүлсэн юм.

Ч.Хоролсүрэнг “Монголиан Эйрлайнс” компанийг байгуулсны дараа “Монголиан Эйрлайнс” группын 49 хувийг “Бодь интернейшнл” групп, 30 хувийг МАК компани, 21 хувийг иргэн Ч.Хоролсүрэн эзэмшиж байжээ. Иргэн Ч.Хоролсүрэнгийн хувьцаа нь “Женко” группын эзэмшлийнх гэдэг.

Харин үүний дараа буюу 2011 онд тус компанийн зуун хувийн хувьцааг “Бодь интернейшнл” компани шилжүүлэн авсан тухайгаа танилцуулжээ. Гэхдээ хэнээс, хаанаас шилжүүлэн авснаа дурдаагүй байдаг юм. “Бодь интернэйшнл” УИХ-ын гишүүн Лу.Болдынх.

Ийнхүү Монголын хоёр тэргүүн баян нэгэн эрх ашгийн төлөө зам нийлсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл Лу.Болд, Х.Баттулга нар Монголын хамгийн хүчирхэг авиа компани байгуулах эрх ашиг дээрээ нэгдэж анхны хөрөнгө оруулагч нь “Бодь интернейшнл” групп буюу Лу.Болд тэрүүтэй баг суурийг нь тавьж хөрөнгө оруулахаар болж. Харин лицензийн менежментийн баг нь “Женко” групп буюу Х.Баттулга байхаар хоёр талаас тохирсон гэх мэдээлэл тухайн үед гарч байв.

2012 оны эхээр Л.Болд сайдыг огцрохоос өмнөхөн МИАТ-ийн “Аэробус” онгоцыг Төрийн өмчийн хорооны даргын шийдвэрээр Батлан хамгаалах яаманд шилжүүлсэн байдаг нь цаагуураа МИАТ-ын боловсон хүчнийг компанидаа татах бодлого хэмээгддэг юм билээ. Ямартай ч эл асуудалд Монголын хоёр толгой баяны нэр холбогдох нь.

Дээрх асуудлыг нөгөө талаар нь харвал өөр санаа явж байдаг. Төрийн ордонд нисч буй “бор шувуу”-ны хэлээр бол Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөр бөгөөд Х.Баттулга гишүүний МоАХ фракцийг нам дарж авах гол ажиллагаа. Харин Лу.Болд гишүүний харъяалагддаг Зүүн хойт Ази фракц дангаараа тэгтлээ нөлөө үзүүлж чадахгүй. Тэгэхээр асуудлын гол нь АН доторх фракцуудын хагарал дээд цэгтээ тулж нэгэн цагт Х.Тэмүүжин сайдын хэлсэнчлэн “Идээ бээр нь бүлт үсэрч” буй бололтой.


Ж.Наран

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top