Шинээр байгуулагдсан Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногт дүрмээ батална

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

Долоо хоног бүрийн эхэнд УИХ-аас өнгөрсөн долоо хоногт хийж гүйцэтгэсэн болон шинэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудын талаар мэдээлэл хийдэг уламжлалаараа УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ийн дарга Д.Энхтуяа өнөөдөр сэтгүүлчдэд ээлжит тойм мэдээллээ сонордуулав.    

   Тэрбээр ярианыхаа эхэнд УИХ-ын намрын ээлжит чуулган хуулийн дагуу ирэх хоёрдугаар сарын 10-нд өндөрлөх ёстой ч энэ тов амралтын өдөртэй давхцаж байгаа тул хугацааг наашлуулан 2 дугаар сарын 8-ны өдөр чуулганыг завсарлуулах төлөвтэй байгаа тул үлдэж буй хугацаанд УИХ шахуу ажиллаж шинээр өргөн барьсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоолуудыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэхээр зорьж буйг сэтгүүлчдэд дуулгалаа.

 

    Өнгөрсөн долоо хоногийн хувьд УИХ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 8 хууль, УИХ-ын 3 тогтоол баталсны дотор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүхийн тухай багц хуульд өөрчлөлт оруулах тухай болон уг  хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн баталсныг тэрбээр дурдаж, энэ өөрчлөлтөөр ирэх долдугаар сараас мөрдөж эхлэхээр заасан байсан  хууль хэрэгжүүлж эхлэх хугацааг нааш нь татсаныг тэмдэглээд шүүхийн шинэтгэлийг эхлүүлэх ажлыг ийнхүү түргэвчлэх нь Монголд шударга ёс бэхжих, хараат бус шүүхийн тогтолцоо төлөвших, иргэдийн эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг хамгаалдаг шүүхийн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд ач холбогдолтой гэж УИХ үзэж буйг онцоллоо. Тэрбээр бас өнгөрсөн долоо хоногт 1 хуулийн шинэчилсэн найруулга, 1 тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсний зэрэгцээ Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай зэрэг 3 хуулийн шинэчилсэн найруулга, 1 бие даасан хууль, 24 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 1 тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт шилжүүлснийг сэтгүүлчдэд сануулсан юм.   

    ХМОНХХ-ийн дарга УИХ-ын энэ долоо хоногийн ажлын хуваариас зарим зүйлийг онцлохдоо УИХ-ын бүтцэд шинээр байгуулагдсан Өргөдлийн байнгын хороо анхны хурлаа хийж хорооныхоо дүрмийг батална, чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүгчийн орон тоо батлах тухай, Уул уурхайн түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг эцэслэн хэлэлцэж батална гэдгийг дурдлаа. Эдгээрийн дунд сэтгүүлчдийн ажил төрөл, эрх ашигтай нэн чухал холбоотой хууль болох Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл багтаж буйг онцлов. Мөн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байгааг тэрбээр тодотгосон юм.  

    Бусад асуудлуудын тухайд тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга төрийн байгууллагуудад хандаж нэгэн уриалга гаргасныг сануулав. Тухайлбал, манай улсад сүүлийн 20 гаруй жилд мэдээллийн технологи эрчимтэй хөгжсөн ч төрийн бүх шатны байгууллагууд компьютерийн техник хангамж, сүлжээний дэд бүтцэд тэргүүлэх ач холбогдол өгч, программ хангамжийн оюуны өмчийн талаар төдий л анхаарахгүй явж ирсэн, өнөөгийн мэдээлэлжсэн нийгэмд цахим хэрэглээ асар хурдацтай өсөн нэмэгдэхийн хэрээр программ хангамжуудын зохиогчийн эрхийн асуудал хурцаар тавигдаж байгаа учраас УИХ-ын дарга оюуны өмчийн зөрчилгүй программ хангамжийн бүтээгдэхүүн хэрэглэхийг төрийн байгууллагуудад хандаж уриалсныг онцлон тэмдэглэлээ.      

    Мөн энэ сарын сүүлчээр УИХ-ын даргын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга У Бангуо манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа тул энэхүү айлчлалын бэлтгэлийг хангахад УИХ-ын Тамгын газар ихээхэн анхаарч ажиллаж байгааг сэтгүүлчдэд мэдээлсэн юм хэмээн УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top