УИХ-ын гишүүн Д.Арвинд амласан албан тушаал нь ердөө л СӨХ үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

МАН-аар овоглож Хэнтий аймгаас гурван удаа УИХ-д заларсан дархан эрхтэй эмэгтэй гишүүн бол Д.Арвин. Хэнтийд өөрийн гэсэн дархлааг бий болгосон гэсэн үг. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгаас шахагдаж, хэл ам хэрүүл уруул хийсний хүчинд нийслэлд нэр дэвших мандат өвөртөлж чадсан. Өрсөлдөөн хүн хоёроор хахсан энэ тойргоос торойж УИХ-ын гишүүний тангарагаа өргөсөн тэрбээр өдгөө хэл ам хэрүүл тэмцлээр дүүрэн тогоонд дээсэн дөрөөн дээр дэнжигнэн тогтож байгаа. Түүнийг УИХ-ын гишүүний тангараг өргөсөн асуудал нь Үндсэн хуультай зөрчилдөж байна хэмээн үзсэн нөхдүүд Үндсэн хуулийн цэцэд хандахаа илэрхийлсэн байгаа.

Үүнээс гадна Д.Арвин гишүүний үүсгэсэн дуулиан нь унаган намаасаа урваж АН-ын батлахыг өвөртөлсөн асуудал. Түүний АН руу урвах болсон гол шалтгааныг нь албан тушаалын амалгаанд явж байгаа хэмээсэн ч өөрөө намдаа гомдсон хэмээн тайлбарласан. Харин асуудлын гол учиг нь АН УИХ дахь гишүүдээ энд тэндээс ганц нэгээр нь нэмж байгаад дангаараа Засгийн газраа бүрдүүлэх, УИХ-д кноп дарах гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх далд санаа явж байгаа хэмээн хардагсад олон байсан.

УИХ-д гурван удаа суусан хэдий ч гишүүнээс цаашаа гарах албан тушаалд очиж байгаагүй Д.Арвин хатагтай АН-д элссэнийхээ “шанг” авч байх шиг. Тэрбээр Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийг удирдахаар болжээ.

Уг нь түүнийг АН-д элсэх үеэр нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Засгийн газарт орж ирсэн Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг ”жийж” түүний оронд Д.Арвинг Эрүүл мэндийн сайдаар тавих гэнэ гэсэн “шум” байсан боловч эл асуудал Эрүүл мэндийн сайд биш СӨХ-ын дээд зөвлөлийн удирдлагын албан тушаал болж буурав бололтой.

Ёстой л нөгөө авдаг авдаггүй нь хамаагүй аппарат нэг хэрэгтэй, явдаг явдаггүй нь хамаагүй  ямаха нэг хэрэгтэй гэдэг шиг албан тушаал л амлаж байвал СӨХ байна уу УИх байна уу хамаагүй болсон цаг юм.

УИХ-ын эрхэм гишүүн Сууц өмчлөгчдийн холбоо гэх барилга байшинд амьдардаг иргэдийн мөрөөдөл болсон эл байгууллагыг удирдахаар болж буй нь УИХ-ын эрхэм гишүүн хатагтайн хийх ёстой ажил мөн үү биш үү, байх ёстой байр суурь мөн үү гэдэг асуултыг иргэдийнхээ өмнө махийтал зоож орхив.

Ямартай ч УИХ-ын гишүүн хатагтай СӨХ-ын Дээд зөвлөлийг удирдаж ийм албан тушаалыг УИХ-ын гишүүний зиндаатай хамсарч хашсан анхны хүнээр тодорлоо.

Тус байгууллагын дарга н.Жигжидийн тухайд “Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өглөө” хэмээж байгаа ч УИХ-ын гишүүн шунан дурлаж байгаа энэ албанаас өөрийн хүсэлтээр бууна гэж юу байхав. Бод идсэн боохой биш хэмээн эгдүүцэх хүн ч байна. Тэгэхээр СӨХ-ны Дээд зөвлөлийн дарга н.Жигжид бас л улстөрийн хүрээнд болж буй халаа сэлгээний ээлжит золиос болж харин УИХ-ын гишүүн албан тушаалын амалгаа буюу АН-д элссэн шагналаа ийнхүү авав бололтой.

Г.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top