Польш Улстай өргөтгөсөн хэлэлцээ хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах Польш улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Монгол, Польш Улсын төрийн тэргүүнүүд ганцаарчилсан уулзалт хийснийхээ дараа өргөтгөсөн хэлэлцээ хийжээ.  Хэлэлцээний эхэнд Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски хэлэхдээ “Польш, Монголын харилцаа сайн байсаар ирсэн. Улам сайн байх бүх боломж бидний өмнө нээлттэй байна. Бид улс төрийн болон эдийн засгийн хувьд ижил замаар замнаж байгаа орнуудын хувьд харилцан бие биеэсээ суралцах, хамтран амжилтад хүрэх олон салбар байна. Польш нь Европийн холбоон дотроо эдийн засгийн хувьд зургаад орж байгаа орон. Мэдээж Монгол Польшийн хамтын ажиллагаа нь Монгол Улсын хөгжилд ямагт сайнаар нөлөөлнө гэж би боддог. Эрхэм Ерөнхийлөгч Таныг манай улсад төрийн айлчлал хийж буйд туйлаас баяртай байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Польш улсад Төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Манай хоёр орон уламжлалт сайхан харилцаатай ард түмнүүд. Польш улс бол Европийн холбоон дахь манай найдвартай түнш бөгөөд Монгол Улс ч бас өөрийнхөө бүс нутаг дахь Польшийн найдвартай түнш байж чадна гэж бодож байна. Манай хоёр орны хувьд хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглал, нээлттэй бодлого гээд үнэт зүйлээрээ холбогдсон ард түмнүүд. Найрсаг зочломтгой урьсанд баярлалаа, Таныг ч бас Монгол Улсад айлчлахыг урьж байна” хэмээв.

 Дараа нь хоёр орны төрийн тэргүүнүүд Монгол, Польшийн шинэ үеийн хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцов. Тухайлбал, хоёр улсын хоорондох бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажииллах, барилга, хот байгуулалт, дэд бүтцийн болон уул уурхай, бусад салбарт идэвхитэй хамтран ажиллах талаар ярилцав.

 Өргөтгөсөн хэлэлцээ өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовски нар хоёр улсын хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцов.

 Үүнд: “Монгол Улсын БШУЯ, БНПУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хооронд дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөр”-т Монголын талаас Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар, Польшийн талаас БНПУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Барбара Кудрыцза нар,

 “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай БНПУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Монгол Улсын Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар, Польшийн талаас БНПУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Роберт Купецки нар,

 “Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монголын талаас Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар, Польшийн талаас БНПУ-ын Эдийн засгийн дэд сайд Анджей Дыха нар,

 Монгол Улсын Эдийн засаг хөгжлийн яам, БНПУ-ын Бүсийн хөгжлийн яам хоорондын “Бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг”-т Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар, Польшийн талаас Бүсийн хөгжлийн дэд сайд Павел Орловски нар,

 “Монгол Улсын ШУА, Польшийн ШУА хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээр”, “Гүйцэтгэх протокол”-д Монголын талаас Монгол Улсын ШУА-ын Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Польшийн талаас ШУА-ийн Ерөнхийлөгч Михал Клейбер нар тус тус гарын үсэг зурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top