О.Баасанхүү: Төрийн албан хаагчийн эмнэлэг байгуулъя гэдэг асуудлаар яриагүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр  Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ээр тодорхой байр суурь илэрхийлээд байгаа учраас миний бие залруулга хийхээр мэдээлэл хийж байгаа гэлээ.

Тэрбээр “Хууль зүйн сайд Төрийн тусгай хамгаалалтын эмнэлэгээр тодорхой байр суурь илэрхийлээд байгаа учраас миний бие заруулга хийж, бодит мэдээлэл өгөх гэсэн юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийн эмч нарыг батлан хамгаалах яамтай нэгтгэсэн. Энэ асуудлыг эмч нар ч дэмжиж зөвшөөрч байгаа. Тэр утгаараа  Төрийн тусгай албан хаагчийн  эмч нар гэсэн ойлголт хаа ч  байхгүй гэсэн үг. Эмч нартай холбоотой асуудлыг ярьмаар байгаа бол Батлан хамгаалах яам ярих ёстой. Төрийн  албан хаагчдын гэж нэрлээд байгаа тэр эмч нар сүүлийн үед өлсгөлөн зарлах тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Мөн энэ талаараа зарим эмч надтай ирж уулзсан. Хууль зүйн сайдын хувьд Төрийн тусгай албан хаагчийн нэр дээр баригдаж байсан шинэ  эмнэлэгийг Улсын прокурорын байр, Хууль зүйн яамны байр, мөрдөх албаны байр болгоно гэсэн. Үүнийг эсэгрүүцэж байгаа.  Би ч гэсэн хувьдаа Төрийн тусгай хамгаалалтын эмнэлэгийг Хууль зүйн яамны өмч гэж үзэхгүй байгаа. Хуулиараа Хууль зүйн яамны өмч гэдгийг ямар хүрээнд ойлгох вэ гэхээр улсын комисс хүлээж аваад, Төрийн өмчөөр бүртгэсэн тохиолдолд тэр хууль зүй яамны өмч болно.  Энэ бол төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга учраас  Сангийн яам, УИХ хяналт тавих ёстой.

Бид Төрийн албан хаагчийн эмнэлэг байгуулъя гэдэг асуудлаар яриагүй. Төр өмчөө мэдээд төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулъя гэсэн. Уг барилга бол эмнэлэгийн зориулалттай барилга гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр үүнийг төрөх, эсвэл хүүхдийн эмнэлэг болгооч зориулалтыг нь битгий өөрчлөөч гэсэн шаардлага тавьж байгаа юм.  Улсын комисс хүлээн аваагүй байхад зориулалтыг нь өөрчлөх гээд байгаад эмч нар дургүйлхэж байгаа юм билээ” хэмээн байр сууриа илэрхийллээ.

 Л.Жаргалмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top