Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааны дүрмийг баталлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

УИХ-ын бүтцийн шинэ байгууллага болох Өргөдлийн байнгын хорооны анхны хуралдаан өнөөдөр болж, “Өргөдлийн байнгын хорооны дүрэм батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.

Байнгын хорооны гишүүд Өргөдлийн байнгын хорооны тулгын чулууг тавьж, үйл ажиллагааг эхлүүлж байгаад УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Р.Бурмаад баяр хүргэж, тулгын чулууг анхнаасаа зөв тавих нь цаашдын үйл ажиллагаа зөв голдрилоор явах үндэс болохыг тэмдэглэн хэлж байлаа.

Хорооны анхны  хуралдаан дээр тус хороо байгуулагдсанаас хойш 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, УИХ-д иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэж ирсэн байдалтай гишүүдийг танилцуулсны дараа хорооны үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд үйл ажиллагаагаа ямар зарчмаар хэрхэн явуулах,   ажлын албыг хэрхэн бүрдүүлэх, төсөв мөнгөний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар гишүүд дор дороо саналаа хэллээ. Энэ үеэр яригдсан гол асуудал бол УИХ-д ирсэн өргөдөл бүрийг хүлээн авч хариу өгөх, УИХ-ын бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар хандсан иргэний өргөдлийг холбогдох газруудад нь шилжүүлэхдээ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар заавал эргэх холбоо тогтоож байх, УИХ-аас баталсан хууль тогтоомжийн биелэлт болон Засгийн газрын үйл ажиллагаанд ямар байдлаар хяналт тавих талаар гишүүдийн зүгээс олон санал гарав.

Хуралдааны эцэст тус байнгын хорооны дүрмийн төслийг баталж, хорооны үйл ажиллагаатай холбогдох хууль болон бусад хууль тогтоомж дээр тусгайлан ажиллах ажлын хэсгийг С.Ганбаатар гишүүнээр ахлуулан байгуулсны дээр байнгын хорооны зарим гишүүн хороондоо ямар асуудал хариуцаж, дагнан ажиллах хүсэлтэй байгаа талаарх саналаа хорооныхоо  даргад өгсөн юм.   

 

                                                                                                                С.Отгонцэцэг

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top