Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Польш улсад хийж буй Төрийн айлчлалын үеэр тус улсын соёл, шинжлэх ухааны төв, эрдмийн уурхай болсон 197 жилийн настай Варшавын их сургуульд зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус сургуулийн ректор Марчин Палыс угтан авч сургуулийнхаа талаар болон 1950 онд Варшавын их сургуульд үүдээ нээсэн Монгол судлалын төвийн талаар танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн шилдэг их сургуулиудын нэгд зүй ёсоор тооцогддог Варшавын их сургуульд зочлон ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд тус сургуульд эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж буй Монгол судлаач профессоруудтай уулзаж Монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим эрдэмтнийг Монгол Улсын төрийн одонгоор шагнав.
Дараа нь Ерөнхийлөгч Варшавын их сургуулийн профессор, оюутнуудад Монгол орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцуулж Ардчилалын үнэт зүйл, хүний эрх, чөлөөт нийгмийн тухай лекц уншсан юм.
Лекцийн дараа Ерөнхийлөгч дагалдан яваа зочдын хамтаар Варшавын их сургуулийн Монгол судлалын төвөөр зочилж номын сан, монгол хэл сургалтын тоног төхөөрөмж бэлэглэсэн бөгөөд Варшавын Монгол судлалын төв тус улсад хадгалагдаж буй Монгол судлалын сурвалжуудын дээж бичгээс Ерөнхийлөгчид дурсгав.
Энэ үеэр Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монгол судлалаар мэргэших, энэ салбарыг сонгож байгаа гадаадын улс орнуудын оюутан бүрд Монгол Улс үүд хаалгаа нээж байна” гэлээ. Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол судлалыг дэмжих сан байгуулагдсан бөгөөд монгол судлалаар мэргэжих судлаач оюутныг тус сангаас дэмжиж сургалтын төлбөр болон бусад зардлыг Монгол Улс даахаар болж байгааг дуулгав.
Сэтгэгдэл ( 0 )