Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хууль болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү аймаг дундын шүүх байгуулах тухай заалт нь Үндсэн хуультай нийцсэн эсэх болон Ганцхудагт шүүх танхим байгуулах тухай заалтын талаар тодрууллаа. Байнгын хорооны ажлын хэсгээс энэ заалт нь Үндсэн хуультай харшилсан зүйлгүй хэмээн хариулсан юм. Мөн Ганцхудаг дахь шүүх танхим нь явуулын шүүх байх болно гэж ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Хууль зүйн байнгын хорооноос дэмжлэг авсан зарчмыг зөрүүтэй дөрвөн саналаар санал хураалт явууллаа. Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн харьяалалд Төв аймгийн Эрдэнэсант сумыг нэмэх, сум дундын 6 дугаар шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалалд Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумдыг нэмэх саналыг гишүүд дэмжлээ. Харин Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн байрлах газрыг Дорнод аймгийн Хэрлэн суманд байгуулах тухай байнгын хорооны саналыг өөрчлөн Хэнтий аймгийн Өндөрхаан суманд байгуулах тухай саналыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гаргалаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нар зүүн бүсийн төв, хүн ам төвлөрсөн, алслагдсан байдлыг харгалзан Дорнод аймагт байгуулах нь зүйтэй хэмээсэн юм.
УИХ-ын дэд дарга Л.Цог хэргийн ачаалал болон иргэдэд үзүүлэх чирэгдэл зэргийг тооцоход Дорнод аймагт байгуулах нь зүйтэй хэмээн тайлбарласны дагуу санал хурааж олонхийн дэмжлэгийг авлаа. Мөн Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүх/ Дархан-Уул аймаг/, 11 дүгээр шүүхийн / Орхон аймаг/ орон тоог Ерөнхий шүүгч тус бүр нэг, шүүгч тус бүр 4 байхаар өөрчлөх тухай саналыг гишүүд дэмжлээ.
Ийнхүү шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.
Сэтгэгдэл ( 0 )