Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын Хорооны Ээлжит бус хурал энэ сарын 21-нд болсон. Хурлаар тус дүүргийн АН-ыг 10 гаруй жил завсаргүй удирдсан боловч Орон нутгийн сонгуулиудад удаа дараалан намаа ялагдуулсан тус дүүргийн Ардчилсан намын дарга, Ерөнхийлөгчийн Зөвлөх Л.Эрхэмбаярт хариуцлага тооцож, хуралд оролцсон гишүүдийн 96,4 хувиар огцруулсан байна. Нийт гишүүдийн 69.4 хувийн саналаар шүү. Гэтэл гайхал Л.Эрхэмбаяр СХД-ийн АН-ын шинэ удирдлагуудад тамга тэмдгээ хүлээлгэж өгөлгүй зугатжээ. Уг нь өчигдөр өглөөний 11.00 цагт гардуулж өгөхөөр тохирсон гэж байгаа. Тэрбээр намын байраа цоожилж лацдаад, тамгаа аваад зугатаачихсан нь Л.Эрхэмбаяр тахимаа өгөх дургүй нэгэн бололтой.
Үүнээс гадна өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуульд хүч үзсэн боловч өдгөө болтол асуудал нь шийдэгдэлгүй сунжирсаар байгаа. МАН-аас нэр дэвшигч Д.Сумьяабазар, АН-аас Л.Эрхэмбаяр нарын хэн нь гишүүний суудалд тухлах вэ гэсэн асуултын хариуг олохын тулд дээрх асуудлыг шүүхэд шилжүүлсэн хэдий ч одоо хүртэл сураг чимээ алга.
Уг нь асуудлыг шийдэх хамгийн хялбар арга нь дахин санал хураалт явуулах байсан боловч ч шүүхийн процесс дуустал хойшлуулахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаярын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор уг хэргийг хянан хэлэлцээд, Л.Эрхэмбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Энэ бүгдээс харахад Л.Эрхэмбаярын давж заалдах гомдлыг шүүх хүлээж аваагүй учир УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт сонгуулийн дахин санал хураалт явуулахаас өөр зам үлдээгүй гэсэн үг.
Энэ мэтээр Л.Эрхэмбаярыг тахимаа өгөх дургүй байгаагаа илэрхийлсээр байгаа төдийгүй Төрийн ордонд жиргэж буй “Бор шувуу”-гаар бол мань хүн эр хүний 13 мэхнийхээ эцсийн вариантаар үзээд алдахаар шийдсэн бололтой. Учир нь ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэн дахин санал хураалт явуулахаар сэм яриа хийж байгаа гэх.
Тус дүүргээс хэд хэдэн удаа УИХ-д нэр дэвшсэн боловч өрсөлдөгчөө барж идэж, байгаа онодоггүй учраас хэзээний л шороо өвдөглөн унаж байдаг нэгэн. Гэвч санасандаа хүрч сарвайсан суудалдаа очихын төлөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн далбаанд дор дагаж намирч байгаад олонхийн санал авна хэмээн тооцсон бололтой.
Тамгаа аваад зугатсан тахимаа өгөх дургүй Л.Эрхэмбаярыг намынхан нь хэрхэх бол.
Г.Ананд
Сэтгэгдэл ( 0 )