Д.Эрдэнэбат: Энэ заалтаас айж эмзэглээд байх зүйл байхгүй ээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 25

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өчигдөр УИХ-аар хэлэлцсэн. Өнөөдөр мөн эл асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэх бөгөөд гишүүд хуулийн төслийн талаар үгээ хэлж, төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулах юм.

УИХ-ын гишүүн М.Зоригт, Д.Батцогт, С.Дэмбэрэл, С.Ганбаатар, Д.Эрдэнэбат нарын арваад гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд гишүүдийн ирцийг хангаж хуралдаанд оролцуулах хуулиар хүлээсэн үүргээ сүүлийн үед биелүүлэхгүй байгаагаас УИХ үйл ажиллагаагаа хэвийн явуулах, нам, эвслийн бүлгүүдийн харилцаа, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай болсныг хууль санаачлагчид харгалзан УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд гишүүдийн ирцийг хангах, иргэдийн төрд төлөөлөх, хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.

Хуулийн төсөлд нам, эвслийн бүлэгт чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд бүлгийн гишүүдийнхээ ирцийг 50 болон түүнээс дээш хувиар хангаж оролцуулах үүрэг хүлээлгэж, энэ үүргээ 8-аас дээш удаа биелүүлээгүй бүлгийг татан буугдсанд тооцож байхаар хуульчлах нь зүйтэй гэж үзжээ.

Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэхэд байнгын хорооны гишүүдийн олонхи нь төслийг хэлэлцэхийг дэмжжээ. Энэ үеэр гишүүн Г.Батхүү, Д.Эрдэнэбат нар энэ төслийг зарим гишүүдийн санаачлан боловсруулж өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй хамтад нь хэлэлцээд явах нь зохимжтой юм гэсэн саналаа гаргасан байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Ц.Цолмон, Б.Бат-Эрдэнэ, Н.Батцэрэг,  Н.Энхболд, Ц.Нямдорж нарын асуултад төсөл санаачлагч гишүүн М.Зоригт, Д.Эрдэнэбат нар хариулт өгөв. Тухайлахад гишүүн Д.Дэмбэрэл гишүүд, намын бүлгүүд асуудлыг эв зүйгээр зохицуулж, эвлэрэл итгэлцлийн зарчмыг гол болгоод явах нь зүйтэй юм, тийм замаар ирцийг бүрдүүлж гишүүдийг хариуцлагажуулах боломжтой биш үү гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байсан бол гишүүн Д.Лүндээжанцан ирц бүрдүүлээгүй гэдгээр бүлгийг татан буулгана гэдэг нь их буруу ойлголт төрүүлэхэд хүрнэ, тиймээс хаана хаанаа ойлголцох нь чухал юм гээд төслөө татаад авчихаж болохгүй юу гэсэн гаргахад төсөл санаачлагчдын нэг гишүүн М.Зоригт “Бид олон гарц хайсан бловч энэ нь зөв шийдэл юм байна гэж харсан. Тиймээс төслөө татаж авах явдал байхгүй” гэсэн хариулт өгөв. Харин гишүүн Д.Эрдэнэбат “Энэ заалтаас айж эмзэглээд байх зүйл байхгүй ээ. Хуульд ийм заалт оруулснаар бид бүгдээрээ хариуцлагагүй, нам, эвслүүд бүлэггүй болчих юм биш. Иймээс төслийг хэлэлцэхийг дэмжээд анхны хэлэлцүүлгийн үеэр сайн ярилцаад авах хэрэгтэй байна” гэлээ.

Мөн үеэр гишүүн С.Бямбацогт гишүүдийг хариуцлагажуулахтай холбоотой төсөл өргөн барьсан ч одоо болтол хэлэлцүүлэгт оруулж ирэхгүй байгаагийн шалтгаан юунд байна вэ. Уг нь гишүүдийн тал хувь нь биш 100 хувь хуралдаа сууж байх ёстой шүү дээ. Хоёр сая гаруй хүн хурууныхаа хээгээр сонгуульд саналаа өгч болоод байхад 76 гишүүн яагаад болдоггүй юм бэ гэдгийг лавлав. Энэ асуултад гишүүн Д.Эрдэнэбат хариулахдаа, бүлгийг хариуцлагажуулах тухай, бас байнгын хорооны гишүүдийн тоог нэмэх, дээр нь хурууны хээгээр санал хураалт явуулах гээд хэд хэдэн төсөл байна. Эдгээрийг багцаар нь хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулж хаврын чуулганаар хэлэлцье гэвэл болно. Түүнээс биш тус тусад нь зүтгүүлэх гэвэл боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top