Байнгын хорооны гишүүдийн тоог нэмэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 25

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Улсын Их Хурал 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орлуулах тухай хуулиар Улсын Их Хурал нь 8 Байнгын хороотой байхаар заасан бөгөөд нэг Байнгын хороо нь 10-19 гишүүнтэй байхаар заасан. Тэгвэл дээрх хуулийн төсөлд Байнгын хорооны гишүүдийн тоог 15-21 байхаар тусгажээ.

Хуулийн төслийг баталснаар хууль тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалт, эрх зүйн орчин сайжирч, УИХ-ын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, гишүүдийн ажиллах зарчмыг боловсронгуй болгож, хууль тогтоох үйл явц түргэн шуурхай болно гэж хуулийн төсөл санаачлагч танилцуулсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Байнгын хорооны саналыг дэмжлээ.

Г.Бүрэнжаргал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top