“Арабын орнуудыг Монгол руу хараасай гэж би бодож байна”

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

 

Дэлхийн эдийн засгийн чуулганы гуравдахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Арабын хаврын геополитикийн нөлөө” Дэлхийн эдийн засгийн удирдагчдын албан бус цугларалтад оролцов. Энэ үеэр Арабын хаврын одоогийн чиг хандлага, ололт амжилт хийгээд үр дүнгийн талаар хэлэлцсэн бөгөөд түүнд зөвхөн төр засгийн тэргүүнүүд оролцлоо.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан цугларалтын үеэр хэлэхдээ “Арабын хувьсгалын дүнд маш олон улс иргэний дайны хэмжээнд хүрээд байна. Бид Ливи болон Сирийн жишээнээс үүнийг харж болно. Гэтэл та бүхэн Монголыг хар. Тэд 20 гаруй жилийн өмнө тайван замаар социалист нийгмийн тогтолцооноос ардчилсан нийгэмд шилжиж, ямар ч дайн байлдаад автаж ард түмнээ хохироолгүй өнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байна. Тиймээс Монголын туршлага бидэнд хамгийн хэрэгтэй. Арабын орнуудыг Монгол руу хараасай гэж би бодож байна” гэв.

 Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Хувьсгал бол нэг даргаас нөгөө даргад эрх мэдэл шилжих тухай ойлголт биш. Даргын эрх мэдэл, шийдвэр гаргах боломж иргэдийн гарт очих явдал. Бидэнд тодорхой туршлага бий. Бидэнд бусдад заах туршлагаас илүү бусадтай хуваалцах сургамж жишээ олон бий” гэв.

 Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэлхийн эдийн засгийн удирдагчдын “2013 онд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох нь”, “2015 оноос хойш бидний хүсч буй ирээдүй” болон Аюулгүй байдлын асуудлаарх уулзалтуудад тус тус оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top