Төрийн хамгаалалтыг шууд зогсоохоор зохицуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “Төрийн тусгай хамгаалалтын тухай” хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Төрийн тусгай хамгаалалт, түүний хамрах хүрээ, төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын Их Хурал 1995 онд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг баталсан. Хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тус хуульд нийтдээ 3 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ.

Төрийн тусгай хамгаалалтад байгаа иргэн, албан тушаалтны хуулиар олгогдсон төрийн хамгаалалт, цалин, үйлчилгээг тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд түдгэлзүүлэх, зогсоох зэрэг асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх юм. Мөн төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаа, хамрах хүрээг нарийвчлан зохицуулах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч илэрхийллээ.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр дараах харилцааг зохицуулахаар тусгасан байна. Үүнд:

Нэгд: Төрийн тусгай хамгаалалтад байгаа иргэн, албан тушаалтан гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр татагдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эсхүл яллагдагчийг цаашид хорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай гэж үзэн шүүгчийн захирамж гарсан тохиолдолд түүний цалингаас бусад үйлчилгээ, төрийн хамгаалалтыг түдгэлзүүлэх

Хоёрт: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдож хорих, баривчлах болон албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн иргэн, албан тушаалтны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний цалингаас бусад үйлчилгээ, төрийн хамгаалалтыг шууд зогсоох асуудлыг энэхүү хуулийн төслөөр зохицуулахаар тусгажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top