Шинэчлэлийн Засгийн газрын золиос, Экс Ерөнхий сайдын хүргэн

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

Шинэчлэлийн Засгийн газар боловсон хүчний “шинэчлэл”-ийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа. Яам, агентлагуудын дарга цэргийг баруун солгойгүй сольж буй Шинэчлэлийн Засгийн газрын халаа сэлгээ өндөрлөх болоогүй байна. Гэхдээ зарим дарга нарын тухайд өөрөө өөртөө тушаал гаргаж, сайн дураараа үүрэгт ажлаа өгч байгаа гэх боловч цаанаас нь шахаж байгаа учраас ажлаа өгөхөөс өөр аргагүй байдалд орсон гэх мэдээллийн ойрын хүмүүс нь өгдөг.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ удаагийн ээлжит золиосны албан тушаалтнаараа Зам тээврийн сайд А.Гансүхийг онилов бололтой.

Шинэчлэлийн Засгийн газрын хуралдаанд оролцсон Ерөнхийлөгч ч Н.Алтанхуягт дэм болж А.Гансүхийг хатуу үгээр харамгүй шагнаж “Техник, эдийн засгийн үндэслэл нь гарчихаад байхад Богд уулын цаад талаар төмөр зам тавьж чадахгүй бол хариуцлагыг нь өөрөө хүлээгээрэй” хэмээн зад загнасан нь түүнийг сайдын суудлаас буугаарай гэсэнтэй агаар нэг байв. Гэхдээ төмөр зам барина гэдэг нь өөрөө том асуудал. Хэн нэгэн сайд түүнийг нь барь гээд бариулчихдаггүй. Тиймдээ ч хэдэн Засгийн газрын нүүр үзэж, өдгөө хэрүүл маргааны гол бай болгон Монголын төмөр замын дарга М.Энхсайханаар туг тахих болсон.

Зам тээврийн сайд А.Гансүхийг нүд үзүүрлэх хэд хэдэн шалтгаан бий. Анх 2008 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшихэд нь “Манай намд ийм хүн байдаг юм уу” хэмээн гайхах хүн олон байсан ч, өөрөө бол ардчиллын партизан ухааны зүйл ярьдаг. Түүний ярьж байгаагаар бол Цагаан морин жилийн хувьсгал буюу 1990 оны өлсгөлөнд чухал үүрэг гүйцэтгэгчдийн нэг байсан төдийгүй гартаа цэнхэр тууз зүүн хамгаалагчаар зогсож байсан гэдэг. Үүгээр ч зогсохгүй Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” гэдэг номыг гудамжинд тараагаад явж байсан ардчиллын анхны алтан хараацай хэмээн ярих дуртай нэгэн. Гэсэн түүний намд элссэн намтарт нь 2007 онд АН-ын гишүүний үнэмлэхийг өвөлтөлж төд удалгүй ҮЗХ-ны гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болсон байдаг юм. 

Тэрбээр АН-ын тамгатай хэдий ч МАН руу хов зөөж хошуу хүргэх хамгийн магадлалтай хүн хэмээн харддаг. Энэ нь экс Ерөнхий сайд С.Батболдтой холбоотой. А.Гансүх нь С.Батболдын Засгийн газарт дэд сайдын алба хашиж байсан төдийгүй С.Батболдын хүргэн. Тэрбээр хатагтай Х.Отгонтуяагийн ойрын төрлийнх нь охиныг авч суусан цагаасаа хойш улстөрийн рейтинг нь өсөж сайдын суудлын даллагатай болсон гэдэг. С.Батболдын Засгийн газарт ажиллаж байхдаа албан ажлын шугамаар Ерөнхий сайдын гэрт зочлох болсон аз тохиож ажил хэрэг ярих зуураа гэрийн үйлчлэгч охинтой танилцах боломж бүрдсэн нь ийнхүү тэнгэрийн умдаг атгах аз байсан ч өдгөө сайдын албаа өгөх дээрээ тулаад байна.

Нөгөө талаар А.Гансүх нь Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын хүн.  Түүнийг улстөрд хөтөлсөн хүн нь З.Энхболд гэдэг ч МоАХ-ын халаасны хүн болсон нь түүнийг өдгөө таагүй байдалд оруулаад буй. АН дахь МоАХ фракцыг толгойлж, “Алтангадас”-ын хамгийн хүчтэй өрсөлдөгч болсон Х.Баттулга түүнийг Засгийн газарт “чихэж” дөнгөсөн. Гэсэн ч өдгөө авч үлдэх эсэх нь эргэлзээтэй.  Уг нь А.Гансүхийг ар талдаа асаалттай хоёр танктай хүн хэмээдэг. Нэг нь экс Ерөнхий сайд С.Батболд. Нөгөөх нь УИХ-ын гишүүн Х.Баттулга. Тиймдээ ч Шинэчлэлийн Засгийн газарт УИХ-ын гишүүн биш нэг нөхөр бусдыг “цочтол” орж ирсэн нь А.Гансүх байсан юм.

Гэхдээ өөрөө асаалттай танкнуудаа эрс үгүйсгэж “Өөр намын хүнийг ажилд томилуулдаад суудаг тийм баримжаагүй юм гэж хаана байх вэ” хэмээн цайруулдаг ч А.Гансүхэд сайдын суудлаас суудал дамжин явах шанс үгүй. Тиймдээ ч өнөөдөр намынхаа дарга болон Ерөнхийлөгчөөс хатуухан банга хүртэж, бас мэдлэг чадваргүйгээрээ дуудуулан сууж буй. Н.Алтанхуягийг Засгийн газар жилийнхээ ойнд хүрэлгүй танхимынхаа гишүүнийг халах солих дээрээ тулж буй нь А.Гансүхийн болчимгүй үйлдэлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл тэрбээр үй зайгүй нөхөрлөсөн Х.Баттулгынхаа захиалгаар М.Энхсайханыг унагаах асуудлыг хөндөн унагаасан асуудал. Эл үйлдэл нь Н.Алтанхуягаас ч давсан эрх мэдэл хэмээн намынхан нь өөр хоорондоо шивэр авир хийж буй. Уг нь асуудлыг шуудхан ТӨХ-нд оруулалгүйгээр Засгийн газрын хуралдаанаар танилцуулж хэлэлцэх ёстой байсан аж. Үүний дараа танхимыг толгойлж байгаа Н.Алтанхуяг санаа оноогоо хэлж асуудлыг шийдэх ёстой байжээ. Гэтэл эрх мэдлээ давуулан “биелүүлсэн” нь А.Гансүх сайдын суудал ганхах бас нэгэн шалтгаан болоод байгаа юм.


Г.Ананд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top