МҮАН “Шударга ёс”эвсэлд үлдэх эсэхдээ эргэлзэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

 

Есөн жилийн хугацаатай төрд хамтран зүтгэх болсон МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” сүүлийн үед түнжин муутай байгаа.  Үүнийг батлах гэсэн шиг эвслийн бүлгийг үе үе тарна гэх яриа ч гарч, намждаг. Тэгвэл энэ яриа өнөөдөр дахин гарлаа.  Үүнийг эвслийн бүлгийн гишүүдээс тодруулах гэсэн боловч бүгд өрөөндөө байсангүй. Харин УИХ-ын гишүүн Г.Уянгатай таарч тодруулахад: Манайх яг одоо хуралдах гэж байна. Гишүүдтэйгээ ярилцаж байгаад албан ёсны мэдэгдэл хийх болно” гэв. Өөрөөр хэлбэл үнэхээр МҮАН эвслээс гарна гэсэн яриа гарсан нь үнэн. Гэхдээ яг ямар мэдэгдэл, шийдвэр гаргахаа эцсийн байдлаар МҮАН-ынхан гаргаагүй бололтой юм.

Тэгвэл МҮАН эвслийн бүлгээс гарах шалтгаан үндэслэлийн эхэнд М.Энхсайхан МТЗ-ын даргын суудлаа өгсөнтэй салшгүй холбоотой.  Бараг л мөрөөдөж байсан суудалдаа суусан М.Энхсайхан өнөөдөр шарандаа  зарим нэг нөхөртэй хэвлэлээр дайн зарлаад, дуэльд дуудаад байгаа. Мэдээж улс төрийн ганцаардсан цөөвөр чоно санасандаа хүрч байж л ээлжит явуулгаа дуусгавар болгоно.  

Эвсэл тарах дараагийн шалтгаан үндэслэл  бол эцэггүй хүүхдийн толгой том гэдгээр зүйрлүүлж хэлж болох юм. МАХН ерөнхийдөө эвслийн бүлгийн үйл ажиллагааг алсаас удирдаж байгаа.  Энэ утгаараа тэр “Шударга ёс” хэмээх эвслийн  өрхийн тэргүүн болж байгаа юм. Харин өрхийн тэргүүн нь байхгүйд  айлын хүүхдүүд өөр хоорондоо маргалдаж байгаа. Байнга шахам өндөр дуугаар маргалдсаар нэг гэрт байхад хэцүү болсон бололтой юм. Уг нь МАХН, МҮАН-ы аль аль асуудалд хүлээцтэй хандсаар байсан. Гэвч өнөөдөр тэвчихэд бэрх болсон бололтой юм.

Үүнээс гадна сүүлийн үед бүлгийн гишүүдийн ирц тааруу байгаа. Аливаа хүнд асуудал хэлэлцэх болоход зарим гишүүд өвчтэй, чөлөөтэй, томилгоотой гээд алга болчихож байгаа. Тухайлбал өнөөдөр эвслийн бүлгийн 11 гишүүний 4 нь гадаадад болон дотоодод томилолттой ажиллаж байгаа юм байх. Үнэн хэрэгтээ тэд асуудлыг намжих хүртэл томилолтоороо халхавч хийхээр төлөвлөөд байгаа биз.

Тэгэхээр энэ удаад МҮАН эвслийн бүлгээс гарна гэж айлгах нь тодорхой боллоо. Гарна гэж айлгаад МАХН-ыг ямар нэг асуудал дээр буулгаж авах нь тодорхой. Харин МАХН-ыг буулгаж авах гээд байгаа шалтгааны цаана юу байгаа нь цагийн аясаар ил болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top