Санал хураалтыг баасан гарагт явуулж байх тухай хуулийн төсөл санаачилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэхэд гишүүн өөрийн байр сууринаас хандаж санал хураалтад оролцох дэгийг тусгасан боловч санал хураах цаг, өдөр нь тодорхой бус байдаг тул гишүүд иргэд, сонгогч, зочид, төлөөлөгчтэй уулзах зэрэг цаг хугацааг товлоход хүндрэл учирдаг хэмээн хэлсэн.

Орчин үед иргэд хууль тогтоох үйл явцыг телевизээр шууд үзэх бололцоотой болсон боловч тухай хууль, тогтоол батлагдах процесс нь нэг өдөрт багтахгүй хоёр долоо хоног, хэдэн сарын дараа батлагдах тохиолдол байдаг тухай тэрбээр мөн хэлж байлаа. Тиймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

УИХ-ын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, олон нийтийн санаа бодолд үндэслэгдсэн эрх зүйн орчинтой болох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулж, ээлжит болон ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн бүх асуудлын санал хураалтыг ажлын нэг өдөр буюу Баасан гарагт, тогтмол цагт буюу 11.00 цагт явуулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг батлах, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн шатанд хууль, тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрийг тогтмол цагт, нэг өдөр санал хураалт явуулснаар хууль тогтоогчийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байх нөхцөлийг бүрдүүлж, иргэд тухай хууль, тогтоол батлагдсан эсэхийг мэдэхэд дөхөм үзүүлнэ гэж үзэж буйгаа тэрбээр илэрхийллээ.

Түүнчлэн хуулийн төсөлд хуралдаан даргалагч тухай хэлэлцэж байгаа асуудлын онцлогийг харгалзан нэн яаралтай, цаг үеийн тулгамдсан асуудлын санал хураалтыг тухайн асуудлын хэлэлцүүлгийг үед явуулж болох эрх зүйн зохицуулалтыг тусгасан юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top