М.Энхсайхан гэгч эр үнэхээр хэний ч санаагүйг санаж, хийгээгүйг хийх нэгэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл МТЗ-ын даргын суудлыг зүгээр нэг ажил хэргийн маргааны улмаас өгсөндөө шаралхаж байгаа. Энэ эрхэм төрийн хүн болохыг үнэхээр их хүссэн нь түүний үг хэл, үйл хөдлөлөөс шууд харагдаж байнаа. Тэрбээр эргэж төрд орж, өөрийн “хонзон”-гоо авахын төлөө юу ч хийхэд бэлэн байгааг өчигдөр нэгэн үйл явдал харуулав. Тодруулбал тэрбээр МҮАН-ын гишүүдийг цуглуулан урьдчилан ам хэлээ нийлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл амаа нийлүүлсэн хэд удахгүй намынхаа хурлыг зарлаж Засгаас гарах эсэхээ хэлэлцэх гэнэ. Тэгэхээр намын энэхүү хурлаас ямар шийдвэр гарах нь тодорхой. Тэд хамтран ажилласан Засгаа шударга бус байсан гэж хэлээд л хамтрал, эвсэлээ тараахаар зэхээд байна.
Мэдээж хэрэг тэд засгаас гарвал Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газар амь тавих юм. Угаасаа энэ засгийн газрын нүд аних хугацааг хүлээн суугаа нөхөр улс төрд нэг биш байгаа. Хэрвээ Н.Алтанхуягийн засгийн газар нүд анивал Ардчилсан намын бялуунаас хуваалцаж чадаагүй фракцууд өшөөгөө авч, өөрсдийнхөө эрин үеийг эхлүүлэх таатай үе эхэлж байгаа юм.
Тэгэхээр энэ цаг үед МҮАН-ынхан Засгаас гарна гэж айлгадгаараа айлгаад, АН-ын аль фракц нь ашигтай санал тавих вэ гэдгийг харах нь зүйн хэрэг болж байна. Тэгж байж М.Энхсайхан төрийн хүн болно, МҮАНамд нөлөө бүхий зарим нэгэн нь төрд данстай болох юм. Энэ бол ойрын хугацаанд М.Энхсайханы ажил хэрэг болгохоор төлөвлөөд байгаа сэдэл. Тэрбээр энэ сэдлээ цагаан сарын дараачаас ажил хэрэг болгоно. Улмаар засгаас гурав, удлаа л гэхэд дөрөв дүгээр сард гарах нь тодорхой боллоо.
М.Энхсайханы хувьд Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд санаа суусан улс төрч. Тэрбээр өнөөдөр төрийн эрхийг гэнэт барих гээд байгаагийн цаад санааг улс төрийн мэдлэг, мэдээлэлтэй зарим нэгэн нь бол гадарлачихаад байгаа.
Харин өнөөдөр нэг л зүйл олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэр нь мэдээж хэрэг МАХН хамтрагчийнхаа шийдвэрийг хэрхэн хүлээж авах бол? Н.Алтанхуяг Төрийн өндөрлөгийн суудлаа хэрхэн өгөх вэ гэдэг л асуудал бөгөөд “гол дүр” болоод байна. Одоо тэдний ямар зан гаргахаас МҮАН-ын шийдвэр ажил хэрэг болох хугацааг цөөн ч гэсэн хоногоор хойшлуулах боломжтой болно.
Тэгэхээр Н.Алтанхуягаар ахлуулсан Шинэчлэлийн Засгийн газар гурав, дөрвөн сарын алинд нь хэрхэн амь тавихыг үзэгчийн суудлаас харж, МҮАН-ын тоглолтын ур чадварт баяр хүргэх л үлдэж байна даа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )