ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

 

ХЭҮК-ын орон тооны гурван гишүүний 2-ынх нь хугацаа дуусаж байгаа тул УИХ-ын чууулган өндөрлөхөөс өмнө шийдвэрлэн томилох шаардлагатай байгаа. Тиймээс   Монгол Улсын ХҮЭК-ын тухай хуулийн 5-р зүйлийн 5-1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Пүрэвийн Оюунчимэг, Улсын дээд шүүүхээс санал болгосон Нанзадын Ганбаяр нарыг ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшүүлж буйг өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралааны эхэнд хэлэлцсэн байна.

  Нэр дэвшигч П.Оюунчимэг хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, 2001 оноос ХЭҮК-ын Ажлын албаны референт, 2005 оноос тус албаны даргаар ажиллаж байсан, 2007 оноос ХЭҮК-ын гишүүнээр ажиллаж буй туршлагатай ажилтан юм.

 Харин Н.Ганбаярын хувьд 1990-1992 онд Улсын Бага хурлын гишүүн, Хууль зүйн Байнгын хорооны дарга, 1992-1993 онд Соёлын тэргүүн дэд сайд, 1993-1999 онд Монгол Улсын Ерөнхий прокурор, 1999 оны 6-12 –р сард Хууль зүйн сайдын зөвлөх, 1999 оны 12-р сараас хойш Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа туршлагатай  хуульч аж.

       Нэр дэвшигчидтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:  Н.Ганбаярын хувьд Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа Үндсэн хууль зөрчсөн гэж ХЭҮК-той хамтран ажилладаг Хүний эрхийн хөгжил төвийнхөн үзэж байгаа тул хүний эрхийн салбарт хэрхэн ажиллах, түүнийг ямар шалгуураар нэр дэвшүүлж байгаа юм бэ гэв.

 УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зориг:  “УДШ-ийн Нийт шүүгчдийн хуралдаанд оролцсон 15 шүүгчийн 100 хувийн саналаар төрийн албанд олон жил зүтгэсэн дадлага туршлагыг нь харгалзан Н.Ганбаярыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн, харин Үндсэн хууль зөрчсөн асуудлыг нарийн сайн мэдэхгүй” гэлээ.   

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Нэр дэвшигч Н.Ганбаяраас хүний эрхийн сургалтанд хэдэн удаа сууж, хүний эрхийн боловсролоо хэрхэн дээшлүүлсэн бэ? Гэв

Н.Ганбаяр: Хүний эрхийг хамгаалах салбарт  ажиллаж байснаас бус сүүлийн үед сургалтанд суугаагүй гэж хариулав. Үүнд Ж.Батзандан гишүүн шүүмжлэлтэй хандаж  “Хүний эрхийн сургалт бол хэлбэрийн төдий бус, бодитой зүйл учраас суралцах нь зүйтэй, мөн П.Оюунчиэмэгийг ХЭҮК-т ажиллаж ирсэн туршлагатай,  хүний эрхийн хамгийн олон зөрчил гарсан долдугаар сарын нэгний үйл явдлын үеэр хүний эрхийн талд зогсож байсан”-ыг нь тэмдэглээд “одоо ч эдгээр зөрчил арилаагүй байгаа тул тэдгээрийг арилгахад анхаарч ажиллахыг хүслээ.

        Гишүүд асуулт тавьж дууссаны дараа санал хэлэх болоход Р.Гончигдорж гишүүн “Нэр дэвшигчдийг сайн мэднэ. Ялангуяа Н.Ганбаярын хувьд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтанд хүний эрхийн талаас нь хяналт тавьдаг прокурорын байгууллагад олон жил ажилласан, Улсын Бага хурлын гишүүн байхдаа хүний эрхийн чиглэлээр хууль тогтоомж боловсруулахад гар бие оролцсон хүний эрхийн сонгодог агуулга, хэм хэмжээг сайн мэддэг хүн тул дэмжиж байна” гэсэн бол Д.Лүндээжанцан гишүүн түүнийг мөн дэмжиж “Эрдэмт хүн дөлгөөн гэдэг шиг шударга, ажил хэрэгч, хүний хувьд даруухан хүн, хүний эрхийн чиглэлээр дагнасан үндэсний хэмжээний мэргэжилтний хувьд хийх ажил ихтэй байгаа ХЭҮК-т  ажилласнаар салбарынхаа олон асуудлыг Хууль зүйн байнгын хороонд оруулж ирнэ гэж найдаж байна” гэлээ.

Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар хоёр нэр дэвшигчийг дэмжиж, энэ тухай хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.    

А.Баярмаа        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top