ХЭҮК-ын орон тооны гурван гишүүний 2-ынх нь хугацаа дуусаж байгаа тул УИХ-ын чууулган өндөрлөхөөс өмнө шийдвэрлэн томилох шаардлагатай байгаа. Тиймээс Монгол Улсын ХҮЭК-ын тухай хуулийн 5-р зүйлийн 5-1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Пүрэвийн Оюунчимэг, Улсын дээд шүүүхээс санал болгосон Нанзадын Ганбаяр нарыг ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшүүлж буйг өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралааны эхэнд хэлэлцсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор Ж.Батзандан гишүүн нэр дэвшигч Н.Ганбаярыг өөрийгөө хөгжүүлэхийг анхааруулсан. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар хоёр нэр дэвшигчийг дэмжиж, энэ тухай хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байсан бөгөөд хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицууулахад чиглэсэн маш ерөнхий, цомхон энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Ажлын хэсгийн саналын томьёоллоор гишүүдийн саналыг хурааж зарим асуудлыг удтал нухацтай хэлэлцсэн юм. Төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг анх хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын механизмыг тусгах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байсан тул Ажлын хэсгийнхэн хариуцлагын асуудлыг 5-р зүйл болгон нэмж оруулж ирсэн ч уг нэмэлтийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин төслийн зарим заалтыг өөрчлөн найруулах, тухайлбал, 2-р зүйл буюу уг хуулийг бусад хуультай уялдуулах асуудал дээр “Хот байгууллалтын тухай хууль” гэсний дараа “Геодези, зураг зүйн тухай, Газрын кадастрын тухай, Автозамын тухай хууль” хэмээн нэмэх зэрэг хэд хэдэн саналыг дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. УИХ-ын 2012 оын 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж эхлэхтэй холбоотойгоор тус хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, зайлшгүй авах шилжилтийн арга арга хэмжээнүүдийг зохион байгуулах шаардлагаар Засгийн газраас энэхүү төслийг өргөн барьж байгаа юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )