Н.Энхбаярыг үгүй хийхээр хэрэгжүүлсэн төлөвлөгөөнүүд

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэгэн цагт Монгол төрийн тэргүүн явсан хүн. Нэг ёсондоо одоогийн эрх баригчдын хийсэн үйлдэл, хэлсэн үг гээд өмч хувьчлалаас эхлээд цөмийг нь мэддэг төрийн хар хүн байлаа. Тиймдээ ч тэр бусад шигээ чимээгүй өнгөрчихөөгүй. Хийснийг нь хэлчихдэг, болохгүйг нь шүүмжилчихдэг болохоор ор сураггүй болох хүмүүсийн эхний жагсаалтад бүртгэгдэн, түүнд зориулсан хэрэг угаах 10 төлөвлөгөөний эзэн болсон юм.

Нэг. Хавтаст хэрэг бүрдүүлэлт

“Шүүхээс л ял оноочихоогүй бол сэжигтэн гэнэ” гэдэг үг нэг ёсондоо цагдаа прокурорынхны ажлын тодорхойлолт юм. Хэнээс, хаанаас ямар үг, өгүүлбэр ирнэ түүнийг цөмийг нь цаасан дээр буулган цэгцлээд мөрдөж шалгах дараалалтай. Үүнийг хавтаст хэрэг бүрдүүлэх гэж нэрэлдэг. Тиймдээ ч Н.Энхбаярт дуртай, дургүй хэн бүхний үгийн цуглуулгаас бүрдсэн мянга гаруй хуудас хавтаст хэргийг тэвхийтэл бэлтгэв. Хэт олон хуудастай байсан учраас эргээд өөрсдөө ч толгой нь эргэсэн нь хавтаст хэргийн хуудас тоог заахад мэдэн будилж байгаагаас нь илхэн байлаа. Энэ тухай шүүх хурлын дөрөвдөх төлөвлөгөний хэсэгт тодорхой дуридна. Харин хавтаст хэргийн тухайд яривал дээр хэлсэнчлэн баталгаагүй, нотолгоогүй хүний амнаас хий болоод гарчихсан бүхий л ховоор хуудаснуудыг нь дүүргээд Н.Энхбаярт холбогдох хэрэг хэмээн гарчиглав.

Хоёр. Баривчилгааны “тоглолт”

Мэдээжийн хэрэг хэн ч бай хийгээгүй хэргийг нь тулгаад байхаар эсэргүүцэл үзүүлдэг. Ховоор дүүргэсэн хавтаст хэргээ танилцуулах гэхэд нь хоёр ч удаа мэдүүлэг өгсөн Н.Энхбаяр эргэж очихгүй гэдгээ дуулгаад явж байсан удаатай. Яагаад гэвэл тэр хавтаст хэрэгт нэг ч баримттай зүйл байгаагүй. Үзүүлэх нотолгоо ч харагдаагүй.  Ээлж дараалан дуудсан мэдүүлгээсээ унжсан үг олж долоогоогүй болохоороо хуулийнхан ч хагас жилийг ардаа орхисон. Харин нэг л шөнө Н.Энхбаярыг гэрийнх нь гадаа отож, эд зүйлд нь халдсан нь 2008 оны долдугаар сарын 1-ний нууц хуралдааныг ил болгосон цаг үе байлаа.  Тухайн үед Н.Энхбаярт буу тулгасан хүн хэн бэ. Яагаад баривчилгааг өдрийн цагаар биш ажлын бус үеэр хийв гэдэгт ямар ч хариулт байхгүй. Хуулиас гадуур ажилласан Амарбат тэргүүтэнгүүд хүч түрэмгийлэн ард түмний нүдэн дээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг тэврээд явцгаав.

Гурав. Хилэнцийг оролдож “хатгуулах” арга

Ямар учраас яагаад хүч түрэмгийлүүлэн баривчлагдсанаа мэдээгүй та ч би ч эсэргүүцэл илэрхийлэн өрвөлзөх нь мэдээж. Энэ байдал Н.Энхбаярын эсрэг талынханд тулын хэрэгтэй байв. Тэд үүнийгээ ч тооцоолсон. Гол нь баримт чухал байж, ард түмэнд Н.Энхбаяр гэдэг хүний эвгүй авирыг харуулах нотолгоог энэ үед л гаргах байв. Нүднээс далд элдэв өнгөөр доромжилсон үгээр дайралт хийн жүжиглээд эсэргүүцсэн үйлдлийг нь хальсанд буулгахдаа тэд өөрсдөө даруухан харагдах тоглолтоо чадварлагаар гүйцэлдүүлсэн. Сансандаа ч хүрсэн. Үр дүнд нь чихээ даран эсэргүүцэж, бачуурахдаа салаавч гарган гомрохсон арга тасарсан эрийн бичлэгийг ард түмэн нийтээрээ үзсэн. Энэ бол хилэнцийг оролдоод хатгуулан хариу авдагийн адил жишээ.

Дөрөв. Ухаантай нь галзуугаасаа айж, эрүүл нь согтуугаасаа эмээв

“Монголын шүүх бол зөв бурууг ялгах үнэний дэнс” энэ юутай сайхан үг вэ. Гэхдээ ард түмэн түүгээр нь л ойлгож байгаа. Ямар ч байсан шүүх үнэнийг тогтоодог гэж. Н.Энхбаярыг таван хэрэгт буруутган Сүхбаатар дүүргийн шүүх 4.7 жилийн ял оноосон. Гэхдээ энэ шүүх хурал ард түмний нүдэн дээр болсон болохоор тэнд баримт дурьдсаныг сонссон хүн байдаг болов уу. Эрээвэр хураавар цуглуулсан мэдүүлгүүд дундаа Нийслэлийн прокурор Сагсай өөрөө эргүүтэж, эрхэм шүүгчийнхээ өмнө тайлбар хийх гээд шалчийж шармийсан хуудаснуудыг сар сар эргүүлэн сандарч байсан шүү. Тулгасан хэрэгт нь тайлбар өгч, бүр нотолгоо үзүүлээд ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй. Хүлээж авахыг ч хүсээгүй. Зүгээр л “Н.Энхбаярт ял оноо” гэсэн дээрээс ирсэн зарлиг чихэнд нь дэлдэж байсан байх. Тиймдээ ч яг таг баримтыг хааш нь ч хөдөлгөхгүйгээр гаргаж ирэлгүй шүүх, прокурорууд Н.Энхбаярт ял өгөх нь л чухал байлаа. Гол нь түүнд өгсөн ял шударга байгаагүйг Дээд шүүх нь нотолчихсон болохоор шүүхийн дэнс үнэн үү худал уу.

Тав. “Номын хулгайчийг хулгайчид бүү тооц”

Харин хүний эрхийг албан тушаалаар сольж эрх чөлөөг нь хулгайсан хүмүүсийг юу гэх вэ. Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярыг сүржин баривчлаад “Таван хэрэгт шалгаж байна. Бараг л буруутан даа” хэмээн хэвлэлийн хуудсыг “чимэж” явсан эрхэм Ч.Өнөрбаяр өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн зөвлөх болов. Дээрээс өгсөн даалгаврыг хичээнгүйлэн чармайж биелүүллээ гээд Сүхбаатар дүүргийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ хуулийн байгууллагад ажиллах эрхгүй болон хөөгдөж байснаа цайруулан суудалдаа үлдсэн.  Харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан, Монгол төрийг 800 жилийн түүхтэйг дэлхий нийтэд зарлан тунхагласан ном хэвлүүлснийхээ төлөө шоронд хоригдсон юм.

Зургаа. Цаг хугацаа хожих арга

 Анхан шатны шүүх хурал болдгоороо болсон. Мэдээж давж заалдах шатны шүүх хурал дээр тэд өөрсдийнхөө зохиосон хэргээс нэг хоёроор нь хасна. Шалтгаан нь тэдний эхлүүлсэн хэрэгт өөрсдийнх нь хүмүүс орооцолдсон учраас тэр. Тодруулбал. МИАТ-ын хэрэг үүсэх үед одоогийн Авлигатай тэмцэх газрын дарга Б.Хурц ажиллаж байсан. Эрдэнэтийн ганбөмбөлгийн хэрэгт Наранхүү оролцсон учраас цааш ухвал өөрсдийнхнийг нь  илрүүлчих гээд сандарсан. ТВ-9 телевизийн тухайд энэ бол хэрэг биш. Тэгэхээр хэн ч оролцоогүй, ямар ч хохирогчгүй одоог хүртэл Нийслэлийн өмч хэвээр байгаа “Өргөө” зочид буудлын хэргийг ТВ-5 телевизийн сэтгүүлч Дагиймаагийн нэр дээр байдаг “Улаанбаатар таймс” сонины хэрэгтэй хамт Н.Энхбаярт тохох. Ингэснээр Н.Энхбаяраас өөр хэн ч энэ хэрэгт холбогдохгүй, өөрсдийнх нь хүн орооцолдохгүй гэсэн үг. Дээд шатны шүүх дээр очтол хугацаа хожих арга нь байлаа.   

Долоо. Хуулиа дээдлэх дүрд тоголцгоов

Шударга шүүх яаж ажилладагийг харуулах гэхдээ Дээд шүүх нь анхан болон, давж заалдах шатны шүүхийн шударгаар шийдвэрлэсэн гээд байсан хэргийг няцаав. Н.Энхбаяр өмнө нь буруугүй зүйлийнхээ төлөө ял сонсчээ гэдэг нь батлагдан 2.6 жил болж буурав. Хамгийн гол нь түүний эдлэх ёстой энэ ял нь дээр дурьдсан өөрт нь хамааралгүй “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хэрэг юм шүү дээ. Дээр нь  Н.Энбаяртай холбоотой үйл явдал бүрийг өөрөө найруулсан мэтээр ард түмэнд ойлгуулах гэж оролдохдоо баривчилгаа бүрт үзэгдэх хар багтай сүржин нөхдийг жүжгийн гол дүрд тоглуулдаг моод дэлгэрсэн.Үнэн хэрэгтээ цас нт хөөрсөн тэр залуусыг энэ хэрэгт хутгаснаар хууль хэрэгжиж байгаа харагдах болов уу.

 

Найм. Ах дүүг нь буруутган үр үндсээр нь унагах арга

 Мэдээжийн хэрэг эхнээсээ зохиомлоор үүсгэсэн хэрэг нь хоёр болж цөөрөөд ирэхийн цагт нийгэмд Н.Энхбаярыг бүр буруутан болгох ажиллагаа эхэллээ. Интерполоос албан ёсоор Н.Энхбаярын дүүг эрэн сурвалжилж байгаа гэсэн бартимтыг хэн ч дэлгэсэнгүй. Эвлүүлж найруулсан зургийг хэдэн өгүүлбэрийн хамтаар хэвлэлийн хуудаснаа тарааж нийгмийн сэтгэл зүйгээр тоглов. Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг худал мэдээллээ хэдэнтэй тараагаад үнэн болгох юм гэнэ. Эхнэрийнх нь бичсэн мессежид дарамтлуулж, доромжлуулсан Хууль зүйн сайд хэвлэл мэдээллийг ашиглан хэцүү байгаагаа тараав. “Энэ гэр бүлийг устгаж гэмээнэ энх тайван тогтоно” гээд худал гүжирдлэг мэдээллийг нийтэд дэлгээд их удлаа.

Ес. Отолт хийх арга

Одоогоор Н.Энхбаяр гэдэг хүнд ноогдуулсан хэрэг үндсэндээ хэрэг биш учраас дараагийн ээлжит бодитой хэрэг зайлшгүй шаардагдах болов. Тиймдээ ч “МИАТ-ын мөнгө угаасан” гэх  нэртэй хэргийг үүсгэж эхэллээ. Уг нь мөнгө угаах гэдэг нь хар тамхи наймаалсан буюу  хүний наймаа, зэр зэвсэгээс олсон хууль бус ашгаа албан ёсны орлого болгон харагдуулахын тулд ямар нэгэн байгууллагыг ашиглахыг хэлдэг. Харин энэ удаагийн МИАТ-ын хэрэг бол мөнгө угаасан бус тухайн байгууллагаас хулгай хийсэн мөнгөний хэрэг юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэдэн хүмүүсийн хариуцсан байгууллагаасаа хулгай хийсэн хэрэгт Н.Энхбаяр оролцоогүй харагдах гээд байгаа учраас заавал түүнийг МИАТ-ын хэрэгт холбогдуулан харагдуулахын тулд “мөнгө угаасан” гэх сүржин нэрийг өгөөд бүхэлд нь энэ хэргийг түүнд наалдуулах гэсэн отолт юм. Нэмээд хэлэхэд МИАТ-аас хулгай хийсэн хүний хоёр дахь эхнэрийн хүүхэд нь Н.Энхбаярын ээжийнх нь дүүгийнх нь нөхрийнх нь дүү дөнгөж 20 гарч яваа юугаа ч мэдэхгүй охинтой гэр бүл зохиогоод хоёр жил болж байгаа нь Н.Энхбаярт ямар хамаатай юм бэ. Тэр тусмаа МИАТ-ын мөнгийг хулгайсан хэрэгт бүр хамаатай байх уу. Энэ мэт хэрэг гарвал л Н.Энхбаярт нялзаагаад байх аваас Монгол чинь ямар жижигхэн билээ. Сайн яривал бүгд хамаатан болдог улс.

Арав. Эцсийн дүнд устгах тактик

Н.Энхбаяр эхний удаад хилс хэрэгт хоригдож байгаагаа эсэргүүцэн өөрийгөө золиослон өлсгөлөн заралсан. Үүнээс үүдсэн өвчин өнөөдөр түүнд насны эмгэг болсон. Одоо харин тэр өвчнөө эмчлүүлэх эрх зүйн орчингүй болчихоод шаналж суугаа. Ингэх ч ёстой байж. Яагаад гэвэл цаазын ялгүй Монгол улсад хүн цаазлах нь хориотой. Харин өрийг нь өөрөөр нь устгавал хэнд ч ямар ч хал балгүй. Янаглан хорлоно гэж энэ шүү дээ. Н.Энхбаяр өмнө нь өөрийгөө золиосолсон, дараагийн удаа ч хилс хэрэгт гүтгэгдэхээрээ өлсөнө гээд тооцоолчихож. Өлсөхгүй байлаа ч бие нь дийлэхгүй. Ингэж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нууцын нууцтай нь үүрд үлдээхийн тулд зохиогдсон хэрэг угаах арван төлөвлөгөө төгсгөл болно.

 

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top