Олны анхаарлын төвд ороод байгаа хүүхдийн паркийн асуудлаарх Засгийн газрын байр суурийг Ерөнхий сайд илэрхийлсэн. Харин одоо Хотын дарга Э.Бат-Үүлийн байр суурь хүлээлт үүсгээд буй. Тиймээс “Шонхор суваг” телевизээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт уригдахдаа парктай холбоотой асуудлын талаар юу гэж өгүүлснийг нь хэсэгчлэн хүргэж байна.
-Санзайд таны нэг байр бий. Цалингаараа авсан уу, ямар учиртай байр вэ?
-Миний хүү Б.Чулуудайгийн моргейжээр авсан байр. Би хүүгээ бизнесийнхээ талаар мөн ч их ярих боллоо. Хүүгээ энэ талаараа сайн ярьж хэлээч гэдэг юм. Тэгэхгүй бол байнга л хардагдах бололтой.
-Танд тэр байрыг “Бодь” группээс бэлэглэсэн. Тиймээс та паркийн газрын асуудлаар чимээгүй байгаад байна гэсэн хардлага байна?
-Үгүй, “Бодь” юу гэж бэлэглэх юм бэ. Энэ асуудлыг шалгачихаж болно.
-Би шалгахгүй л дээ. Паркийн газрыг “Мон-Уран”, “MCS”, “Бодь” групп эзэмшдэг юм билээ. “Мон-Уран”-ы Б.Наранхүү “Би “Бодь”-д паркийн газрыг өгөхгүй, харин надад өгчихвөл би Монгол Улсын хүүхдүүдийг 10 жил үнэгүй тоглуулъя” гэж хэлж байсан. Тэгээд хоорондоо шүүхдэлцэх зуур “MCS” зочид буудал барьж байна. Харин Ерөнхий сайд паркийн газар Монголын ард түмний өмч гэж мэдэгдсэн. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Паркийн газрын асуудал дээр Өмчийн харилцааны газрын н.Төмөрбаатар даргад үүрэг өгсөн. Паркийн газрыг эзэмшиж байгаа компанийн 20 хувийг хот эзэмшдэг юм байна. Өмчийн харилцааны газрын даргад энэ эзэмшиж буй 20 хувиа нэм гэдэг үүрэг өгчихсөн байгаа. Хувийг 50 хувь болго гэдэг шаардлагыг ч тавьж байна. “Бодь”-ийнхон паркад үнэхээр юм хийсэн. Бүтээн байгуулалт нь дуусаагүй байгаа шүү дээ.
-Гэхдээ хуучин парк нь илүү дээр гэж ярьдаг хүмүүс бий. Одоо бол “Бодь”-ийн паркийн тоглоом үнэтэй шүү дээ. Дор хаяж 100 гаруй мянган төгрөгтэй байж хүүхдүүдээ тоглуулж, хоол идүүлэх жишээтэй?
-Хуулийн дагуу байна уу, хууль бус байна уу гэдгийг Өмчийн харилцааны газрынхан шалгаад гаргаад ирэх байх. Бид хувийг нэмэх асуудлыг тавьж байна. Ямар ч байсан паркийн үйл ажиллагааг цэгцэлж байгаа. Энэ асуудал намайг Засаг дарга болохоос өмнөх асуудал. Тиймээс би одоо хувийг нэмэх ёстой гэдэг дээр байгаа. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнг хувь эзэмшүүлчихсэн асуудал бий. Нямдаваа гэдэг хүн байдаг юм билээ.
-“Эко”-гийн Нямдаваа биш биз?
-Биш ээ. Ах, дүү н.Нямдаваа ч гэж ярьдаг юм билээ. Стадионы газрын эргэн тойрны газар нь стадионы мэдлийнх юм. Тэгсэн н.Нямдаваа гэдэг хүн эзэмшээд барилга барьчихсан байх жишээтэй.
-Нийслэл хэдэн хувийг нь эзэмшдэг юм бэ?
-Нийслэл 49 хувийг эзэмшдэг. Тэгээд энэ 49 хувь нь зүгээр л хэлбэрийн төдий байдаг. Энэмэтчилэн нийслэлийн хувь эзэмшсэн нэрээр явсан зүйлүүд байна. Энэ бүгдийг цэгцлэх гээд байгаа юм.
-Нийслэлийн өмчөөс нэмж хувь эзэмших юм үлдсэн үү. Бүгдийг нь хуваагаад авчихсан уу?
-Хуваагаад авчихсан байх даа. Одоо цэгцлэх гэж байна. Үүнийхээ дараа иргэддээ тайлагная.
-“Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн таныг 31-нд Монгол телевиз дээр хэлэлцүүлэгт ирээч гэж урьсан байна билээ. Танд урилгаа өгсөн үү?
-Урилгаа өгөөгүй. Хэлэлцүүлэгт ороод ярьж болно. Гэхдээ асуудлыг шийдвэрлэх гээд байгаа юм уу, хэн нэгэнтэй тулалдах гээд байна уу гэдгээ тодорхой болгох ёстой. Тэр хэлэлцүүлэгт манай Өмчийн харилцааны газрын дарга очих байх.
-Та очихгүй юм уу?
-Ажлынхаа байдлыг харж байж болно.
Сэтгэгдэл ( 0 )