Д.Зүмбэрэллхам: Элчин сайдаар томилогдоно гэж анхнаасаа тохироогүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Төрийн албаны зөвлөлийн дарга асан Д.Зүмбэрэллхамыг  үүрэгт ажлаа өгөх үед  Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар сууна гэж ярьж байсан. Харин энэ яриаг тэрбээр үгүйсгэж, эрдэм шинжилгээний ажил хийнэ хэмээн мэдэгдэж байсан цаг саяхан. Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн экс дарга гадаадад  Монгол улсаа төлөөлөн суух нь үнэн болсон. Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Зүмбэрэллхамыг томилох саналыг Ерөнхийлөгч оруулж ирсэн юм. Улмаар энэ асуудлыг өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр өчигдөр хэлэлцэж дэмжигдсэн юм. Бид  Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар суух Д.Зүмбэрэллхамаас цөөн зүйл тодрууллаа.

-          Таныг Төрийн албаны зөвлөлийн даргын суудлаа элчин сайдын суудлаар сольсон гэх яриа гарч байна. Та энэ талаар тайлбар хийхгүй юу?

-          Элчин сайдаар томилогдоно гэж анхнаасаа тохироогүй. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн шалтгаанаа тайлбарлаж байсан. Төрийн албаны шинэтгэлийн асуудал дээр би өөрийн гэсэн байр суурьтай байсан. Ер нь төрийн албаны шинэтгэлийн хувьд цаашдаа концевцийнхаа хувьд өөрчлөгдөх шинжтэй байна. Тийм учраас төрийн албаны шинэтгэлийн хувьд гол үүрэг гүйцэтгэдэг. Төрийн албаны зөвлөлийн даргын албан тушаалаасаа өөрчлөгдөж Төрийн албаны шинэтгэлийн талаар эрдэм шинжилгээний хүрээнд ажиллах хүсэлтэй байна гэдгийг илэрхийлсэн байгаа. Цаашид энэ бодлогынхоо дагуу ч ажиллана. Ер нь төрийн албан хаагчид эрдэм шинжилгээний болоод багшлах ажлыг зэрэгцүүлж хийж болдог хуулиар зөвшөөрсөн хоёр ажил. Би өөрөө хуульч, эрдэмтэн хүн. Эрдэм шинжилгээний хүрээнд Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хууль тогтоомжид анхаарал хандуулан ажиллах байсан юм. Харин Төрийн албаны дарга болсноос хойш энэ чиглэлээр дараагийн бичих ажил бол Төрийн албаны шинэтгэлийн асуудал гэдэг дээр би тогтсон. Энэ чиглэлээрээ судалгааны материалууд цуглуулж эхэлсэн. Төв Европын оронд элчин сайдаар томилогдох боломж бол бид нартай адилхан ардчилалд шилжсэн улсууд төрийн албаны шинэтгэлийг яаж хийсэн юм бэ гэдгийг практик дээр үзэж , туршлага судлах боломж гэж харж байна.

-          Чех улсын онцлог шинжийг та юу гэж харж байна. Ер нь харилцааг сайжруулах тал дээр ямар ажлуудыг хийх вэ.

-          Чех бол Монгол Улстай уламжлалт харилцаатай орон. Манай Эрдэнэт уулын баялагыг нээх, уул уурхайн хайгуул ажил хийхэд Чех улсын мэргэжилтнүүд гол үүрэг гүйцэтгэдэг байсан. Арьс ширний үйлдвэрлэлээс эхлээд  үйлдвэрлэл бүтээн байгуулалтын ажилд Чехүүд түлхүү оролцож байсан түүхтэй. Мөн Элчин сайдаар ажиллаж байсан хүмүүсийн хүчин чармайлтаар сүүлийн 10 жилд Чехтэй харилцаа  наашилж байгаа. Тиймээс үүнийг үргэлжлүүлээд уламжлалт хамтын ажиллагааг сэргээж иэдвхжүүлэх нь чухал юм байна гэсэн үзэл бодолтой байгаа.

-          Тодруулга өгсөн таньд баярлалаа

А.Баярмаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top