Энэ долоо хоногийн турш эрүүл мэндийн салбарт ажиллахаа мэдэгдэж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллалаа. Шинэчлэлийн Засгийн газраас эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн асуудалд өнгөрсөн хугацаанд онцгой анхаарал хандуулж, хариуцсан яамандаа тодорхой чиглэл өгч тогтолцооны доголдлыг засч сайжруулах бодлого боловсруулж байгааг Засгийн газрын тэргүүн уулзалтын эхэнд хэлсэн.
Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хүрээнд энэ долоо хоногийн турш бүх шатны эмнэлэгт биечлэн ажиллаж, шат шатны удирдах ажилтнуудын санаа бодлыг сонсож байгааг онцлоод, энэ удаад гуравдугаар шатлалын гэгдэх нэгдсэн төв эмнэлгийн үйлчилгээнд гаргах ахиц алхмын талаар тодорхой санал сонсохыг хүссэнээ тодотголоо. Гэхдээ зөвхөн нэг эмнэлгийн өмнө тулгарсан асуудлыг ярьж, тоног төхөөрөмж, байшин барилга хэрэгтэй байна гэхээсээ илүү Монголын эрүүл мэндийн салбарын үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх шийдлийн талаар тодорхой санал солилцохыг Ерөнхий сайд хүссэн юм.
Ерээд жилийн түүхтэй ууган эмнэлгийн хамт олон эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнгийг тодорхойлох уриатай ажилладаг ч бодит байдал дээр өрх, сум, дүүргийн эмнэлгийн хийх ёстой ажлаас өндийж чадахгүйбайгаагааудирдлагууд нь учирлалаа. I эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 60-70 хувь нь шатлал алгасч тус эмнэлэгт ханддаг байна. Сүүлийн таван жилийн статистикаас харахад, жилд 20 мянган хүн хэвтэн эмчлүүлж, 220 орчим мянган хүн амбулаторийн үйлчилгээ авчээ. I эмнэлэг 544 ор, 700 гаруй ажиллагсадтай хэдий ч насанд хүрсэн хүн амын 20 хувьд нь эмчилгээ оношилгоо хийж байна гэсэн үг. Энэ их ачааллаас үүдэн амбулаторийн үзлэг үйлчилгээг 0820 - 2000 цаг хүртэл хоёр ээлжээp ажиллуулдгийн зэрэгцээ өвчтөний бүртгэл мэдээллийг цахимжуулж, дотоод удирдлагын шуурхай систем нэвтрүүлэхээс эхлээд олон ажил хийсэн ч ачааллаа дийлэхгүй, үүнийг дагаад оношилгооны хүчин чадал зарим талаараа сулардаг гэнэ.
Тиймээс өрх, сумын эмнэлгүүд дээр анхан шатны шинжилгээ, аймаг дүүргийн эмнэлэгт цогц оношилгоо хийлгээд, илүү нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай өвчтөнүүд л төв эмнэлэгт ирдэг болгох нь хамгийн гол шийдэх асуудал хэмээн I эмнэлгийнхэн уламжилсан. Хэдийгээр өнөөдөр хууль эрх зүйн түвшиндээ ийм зохицуулалттай ч иргэд нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгийг алгасч төв эмнэлэгт ирснээсачаалал, түгжрэл үүсгэдэг нь эрүүл мэндийн тогтолцооны гол гажуудал хэмээн тэд нэрлэж байв. Мэс заслын клиникийнхэн гэхэд олгой авах, цөсний чулуу түүх гэх мэт энгийн мэс ажилбаруудад багагүй цаг зарж байхад амбулаторийн үзлэг шинжилгээний хэсэг байнгын ачаалалтай байна. Төв эмнэлгээр үйлчлүүлэгсдийн тал хувь нь орон нутгаас ирдэг ба өвчтөний ар гэрийнхэнтэй нийлээд барааны зах шиг бужигнаантай нөхцөл үүсгэдгийг өөрчилмөөр байгааг I эмнэлгийнхэн онцгойлон хэлсэн юм.
Шинэчлэх шаардлагатай өөр нэг асуудал бол эрүүл мэндийн даатгалын тогтолцоо. Эмнэлгүүд хоорондоо уялдаагүй, мэдээллийн солилцоогүй байгаа нь даатгалын мөнгөөр дулдуйдан иргэд олон эмнэлэгт ижил эмчилгээ үйлчилгээ хийлгэн шаардлагагүй нэмэлт ачаалал үүсгэх, үр ашиггүй зардал гаргах шалтгаан болдог аж. Иймд эхний ээлжинд эмнэлгүүдийг цахим системд холбож, мэдээллийг нь нэг урсгалд оруулах гэх мэт мэдээллийн технологид суурилсан шинэчлэлийг нэн даруй нэвтрүүлэх хэрэгтэй гэв. Харин бодлогын хувьд, ор хоногоор тооцдог биш эмч, эмнэлгийн байгууллагын хийсэн ажлын үр дүнгээр үнэлэх “үйлдлийн код”-ын зарчмыг даатгалын тогтолцоонд нэвтрүүлэх шаардлагатай гэсэн санал дэвшүүллээ. Ингэснээр өвчтөн заавал хэвтэж эмчлүүлэх сонирхолтой байдаг өнөөгийн хандлагыг өөрчлөх, цаашлаад төв эмнэлгээс урьтан доод шатлалын эмнэлэгт хандах нөхцөл үүсэх зэрэг үр дүнтэй зохицуулалт бий болох гэнэ. Мөн шинээр гаргасан ухаалаг иргэний үнэмлэхийн чип картанд эрүүл мэндийн үйлчилгээний түүхийг суулгавал даатгалын сангаас гарах зардлыг иргэн өөрөө хянажүр ашигтай зарцуулах зэрэг олон боломж бүрдэх юм.
Эрүүл мэндийн салбарыг зах зээлийн механизмд нь оруулж өгөхгүй бол үйлчилгээний чанар дээшлэхгүй, жижиг асуудлууд цэгцрэхгүй гэсэн санал ч олон гарсан юм. Хэрвээ жинхэнэ утгаараа төв эмнэлгийн түвшинд ажилладаг болчихвол эмч мэргэжилтнүүдийн ур чадвар дэлхийн түвшнээс огтхон ч гологдохгүйучиргадаадад хийдэг өндөр мэргэжлийн хагалгаа, эмчилгээнүүдийг тус эмнэлэгтхийх бүрэн чадамжтай аж. Сүүлийн жилүүдэд тус эмнэлэгт элэг, бөөр шилжүүлэн суулгах, үе суулгах гэх мэт өндөр мэргэжлийн хагалгаа хийж, эмчилгээ үйлчилгээнд ололт гаргаж байгаа нь үүний жишээ гэлээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг I эмнэлгийн удирдлагуудын саналыг сонсоод “Өнөөдөр манайд гуравдугаар шатлалын эмнэлэг жинхэнэ утгаараа ажиллаж чадахгүй байгаагаас иргэд төв эмнэлэгт хийх ёстой эмчилгээ үйлчилгээг Солонгос, Тайландад очиж авч байна” гээд, энэ байдлыг шийдэхээр хэд хэдэн чиглэлээр ажиллаж эхлээд байгаагаахэлсэн. Хамгийн түрүүнд аймгийн төв бүрт иж бүрэн оношилгооны төв байгуулжорон нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах зорилттой байгаагаа онцоллоо. Ерөнхий сайдын гэгдэх 50 тэрбум төгрөгөөсэнэ ажилд зарцуулахаар төлөвлөж байгааг Засгийн газрын тэргүүн дуулгасан.
Түүнчлэн, хүндрэл бэрхшээл олон бий ч ачаалал түгжрэлийг бууруулах, мэдээллээ нэгдсэн урсгалд оруулах гэх мэт эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэл салбарынхны гарт байгааг Ерөнхий сайд сануулсан. Тэрбээр “Эмнэлэг бүр өндөр хүчин чадалтай бүх төрлийн тоног төхөөрөмж авчөмчлөөдөөр өөрсдийн вант улс үүсгэхээс илүүтэйгээр дотооддоо уялдаа холбоотой ажиллах, ачааллаа хуваалцан өвчтөнүүдээ шилжүүлэх, өндөр мэргэжлийн эмч нараа оролцуулан алсын зайнаас оношилгоо хийдэг болох зэргийг шийдэхэд хуульд өөрчлөлт оруулах, Засгийн газрын тогтоол гаргах шаардлагагүй. Бусад оронд хэвийн явагддаг механизм манайд хэрэгжихдээ тэнгэрт тулсан хэрэг мандаадаг нь энэ салбарт менежмент муу байгаагийн илрэл, бас яамны нэгдсэн бодлого, оновтой зохион байгуулалт дутагдсаны шинж” хэмээсэн юм.
Энэ удаагийн уулзалтаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хамгийн ойрын эмнэлгээс хүргэдэг болох, дутагдаж буй төрөлжсөн тасгууд нээн ажиллуулах, боловсон хүчин бэлтгэх сургалтад шинэчлэл хийх, буруу онош тавьж хүндрүүлсэн эмч мэргэжилтэнд хариуцлага тооцох, хариуцлагын хяналтын тогтолцоо бий болгох зэрэг бусад асуудлыг ч хөндсөн.
Ийнхүү Ерөнхий сайд долоо хоногийн турш салбарынхны санал бодлыг сонсч, газар дээр нь очиж танилцсаны дараа Засгийн газраас ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх бодлого, зохион байгуулалтын ажлыг тодорхойлон ирэх долоо хоногт нийтэд танилцуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )