Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахтай эмч нар санал нэг байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Шинэчлэлийн Засгийн газар ажиллаад таван сар өнгөрч байна. Бодлогын түрүүч ард иргэдэд очих хугацаа болсон. Хурдтай ажиллах шаардлагатай байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллах үеэрээ салбарын удирдлагуудад хандаж хэллээ. Эрүүл мэндийн салбар дахь идээ бээрийг шахаж, иргэддээ хандсан өөрчлөлт хийх цаг ирсэн нь Ерөнхий сайдын эмнэлгүүдтэй танилцаж, салбарын удирдлага, эмч ажилтнууд, иргэдийг сонсож буй энэ өдрүүдэд мэдрэгдэж байгаа юм. 

Манай эмч нарт эрдэм чадал, боломж бололцоо, тоног төхөөрөмж байна. Ийм байхад энэ салбарт ямар ч зохион байгуулалт, тогтолцоо алга байна. Энэ тогтолцоог эрүүлжүүлж, бугшсан асуудлуудыг ил тод болгохын төлөө ийм уулзалт, ярилцлага хийж байгаа гэж Ерөнхий сайд онцоллоо., Бэлтгэсэн хөтөлбөр, сайхан танилцуулгыг сонсоод алга таших гэж эмнэлгээр яваагүй. Иргэдэд үйлчлэхэд ямар хүндрэлтэй асуудлууд байна, тэдгээрт зөв шийдэл, гарц  олох гэж эрүүл мэндийн салбарт гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Тиймээс асуудлаа хамгаалж, хаацайлах биш ил тод гаргаж ярихыг эмнэлгийн удирдлага, эмч ажилтнуудаас хүслээ.

Тогтолцоо, зохион байгуулалт буруу байгаагаас хөдөө, сумын иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгтээ үзүүлэхгүй, алгасаад Улаанбаатарт, шууд гуравдугаар шатлалын эмнэлэгт ханддаг. Тиймээс Клиникийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг өндөр зэрэгтэй мэс заслын эмч нар хоёрдугаар шатлалын эмнэлэгт хийх учиртай хагалгаа, эмчилгээг хийж байна. Харин гуравдугаар шатлалын эмнэлгийн маань ачааг Хятад, Сингапур, Солонгосын эмнэлгүүд үүрдэг гажиг тогтолцоо бий болжээ. Энэ байддыг таслан зогсоох цаг ирсэн гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолж байлаа.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийг 2004 онд менежментийн гэрээгээр авсан баг өнөөг хүртэл ажиллаж, энэ хугацаанд эмнэлгийн зохион байгуулалт, иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан гэж Чимгээ дарга нь танилцуулаад эмнэлгийн өргөтгөл барих, эмч ажилчдаа орон сууцаар хангахад Засгийн газраас дэмжлэг хүслээ. Энэ мэт асуудлаа Эрүүл мэндийн яаманд тавьж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд түүнд зөвлөөд энэ өдрүүдэд иргэдийн төлөө, иргэдэд чирэгдэл хүндрэл учруулахгүйгээр үйлчилгээ үзүүлдэг болгох шийдэл хайж, асуудлыг шийдвэрлэх зорилготой гэдгээ тодотгож хэллээ.

Хоёрдугаар шатлалын эмнэлгүүд өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч сувилагчдын чадвар, туршлагыг харин гуравдугаар шатлалынх нь хоёрдугаар шатлалынхныгаа голж, алдаагаа нэг нэг рүүгээ чихдэг буруу тогтолцоо энэ салбарт байдаг. Иргэдийг бухимдахад хүргэдэг гол шалтгаан нь шатлалын энэ ялгаа юм гэж 25 жил ажилласан эмч Буянжаргал хэлээд хоёрдугаар шатлалын эмнэлэг эрүүл мэндийн салбарын ачааны 70-80 хувийг үүрдэг, ачаалал ихтэй ажилладаг гэж ярилаа.

Өрхийн эмнэлгүүдийн чадал, санхүүжилт, тэнд ажиллаж байгаа хүмүүсийг  чадваржуулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх нь зөв гэдэгтэй Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар санал нэгтэй байлаа. Ирэх амралтын өдрүүдийг оролцуулан энэ долоо хоногийн турш Ерөнхий сайд эмнэлгийн салбаруудтай  танилцаж, иргэд, эмч мэргэжилтнүүдийг үгийг сонсох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top