АН-ынханд хууль үйлчлэхгүй, “Женко”-д бол бүр ч үгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

Ардчиллаа хувьчлал болгож хувьдаа завшсан АН-ынхан энэ удаа ши­нэчлэл гэх нэрээр дахиад л төрийн өмчийг цөлмөх бодлого баримталж байх шиг. Болж буй үйл явдлаас харахад тухайн этгээд АН-ынх л бол хууль үйлч­лэх­гүй, тэр дотроо “Женко” Х.Баттулга гэх эрхэм юу ч хийж байсан хамаагүй бололтой. Тэдэнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин­гийн салбарын сайд бо­лохоосоо өмнө санаачлан батлуулсан Ашиг сонирх­лын зөрчлийн тухай хууль ч үйлчлэхгүй гээд бод доо.

Цадиггүй ардчилал, иргэнээ боддоггүй алагч­лалын дуусдаггүй ийм нэгэн зургийг АН-ын “зураачид” ийнхүү зурж байна. Ийм байхад жи­рийн иргэн байтугай, ардчиллын алтан хараа­цайнуудын нэг Э.Бат-үүл хүртэл “Бид ийм ардчил­лыг хүсээгүй шүү дээ” гэж халаглахаас ч аргагүй биз.

Тухайлбал, Төрийн өмчийн хороог Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдэлд өгсөн хэмээн Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж ярьж байсныг уншигч та санаж байгаа байх.

Хувьдаа баахан үйлд­вэр­тэй, тэр дундаа гурил, талх нарийн боов, мах, махан бүтээгдэхүүний үйлд­­­вэрлэл худалдаа эрхэлдэг хүн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болж, улмаар Төрийн өмчийн хороог мэдэлдээ авчихаад сууж байна. Тэгсэн атлаа талх, махны үнэ нэмэгд­сээр байхад ганц ч үг ган­хийсэнгүй. Монголын баян эрхмүүдийн жагсаал­тыг бараг тэргүүлдэг хөрөнгөлөг эрхэм дотроо арай “Манай компанийн үйлдвэрлэсэн талх, мах, махан бүтээгдэхүүний үнэ өсч, ашиг орлого нь нэ­мэгдэж байвал барав” гэж бодоогүй байлтай.

Тэгсэн атлаа үнийн шуурганд ир­гэд сөхөрч байхад чимээ­гүй байгаа нь гайхмаар. Үйлдвэрлэгчид даварч, “Алтантариа” компани гэхэд л хоёр сар гаруй “хог” үйлдвэрлэсэн бай­хад ч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд юу хийсэн нь то­дорхойгүй сууж байх юм. Сүүлийн үед “Х.Бат­тул­гын явсан газар балаг­тай, батгана суусан газар өт­тэй” хэмээн улстөрийн хүрээнийхэн шуугих бол­сон. Түүнийг ЗТБХБ-ын сайдаар ажил­лаж байх үед МИАТ-ын асуудал яригддаг л байсан.

УБТЗ ч мөн адил. Одоо аль алинд нь л ашиг сонирх­лын зөрч­лийн асуудал үүсээд, түүнд нь Х.Баттул­га өөрөө ичиж нэрэлхэх юмгүй орол­цоод явж байна. Энэ байдлыг нам нэгтэй сайд А.Ган­сүх нь өмгөөлөөд л. Цаашид үйл явдал ийнхүү үргэл­жил­бэл АН-ыг сон­о­сон­доо ард түмэн амаа барьж, ашиг сонирх­лын зөрчил­тэй сайдуудаа­саа жирийн гишүүд нь ичиж МАН-ын үүрүүдийн адил нэр цох­сон шаард­лагуу­даар шар­гал ордны ханыг зарлалын самбар болгох вий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top