Д.Арвинг хууль зөрчөөгүй гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн А.Гантамирын мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцлээ.

Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт дахин санал хураалт явуулахдаа нийт сонгогчийн 50-аас дээш хувь нь оролцоогүй байхад тухайн санал хураалтыг хүчинтэйд тооцон Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Арвинг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны “Санал хураалтын дүнгийн тухай” 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 160 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2; Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж тэрбээр үзсэн тул Үндсэн хуулийн цэц хянан шалгах ажиллагаа үүсгэж тухайн маргааныг хянан хэлэлцлээ.

Уг хуралдаанаас Сонгуулийн ерөнхий хороо 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 160 дугаар тогтоолоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу гаргасан байна хэмээн үзээд, улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2; Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв..

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top