Төрийн нууцын жагсаалтад өөрчлөлт оруулах төслийг дэмжив

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 02

УИХ Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нэгдүгээр сарын 16, 23, 30-ны өдрүүдийн хуралдаанаараа тус тус хэлэлцжээ.

 УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж байгаа асуудлаар холбогдох яам, газруудаас бүрэн мэдээлэл авах, зарим асуудлыг тодруулах шаардлагатай байна гэсэн үндэслэлээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4,6-д заасны дагуу хоёр удаа завсарлага авсан. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Энхболд нар хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл тодорхойгүй, Засгийн газраас мэдээлэл хангалтгүй өгч байгаа тул Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас УИХ дахь МАН-ын бүлэгт албан ёсоор мэдээлэл өгөх, Байнгын хороогоор асуудлыг цогцоор нь авч хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргасан байна.

Харин гишүүн М.Батчимэг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар шийдвэрлэсний дараа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.8-д заасны дагуу үндэсний дата төвийн болон улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг 2013 оны нэгдүгээр улиралд багтаан баталж мөрдүүлэх, Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, 2013 оны хоёр, гуравдугаар улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасны дагуу Байнгын хорооноос боловсруулан Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг байнгын хорооны гишүүд хэлэлцүүлгийн үед шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.

  Уг нь Засгийн газраас энэ хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлснийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн боловч олонхийн дэмжлэг авч чадаагүй тул төсөл санаачлагчид нь буцаасан юм. Харин УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу төслийг дахин өргөн мэдүүлснээр ийнхүү хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэхээр ярилцаж байгаа юм.

Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 46 гишүүний 34 нь буюу 73 хувь нь хэлэлцэхийг дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top