Албан тушаалын хэнээрхэл улстөрийн хүрээнээс халив

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 03

Шинэ он гарснаас хойш албан тушаалын халаа сэлгээ тасарсангүй. Харин ч сүүлийн үед эл байдал идэвхжих хандлагатай болсон төдийгүй томилгоо сэлт нь улстөрийн хүрээнээс хальж урлагийн тогоонд орчихлоо. Харин цаашид хаанахыг хавсарч, хэнийг өвдөглүүлэх нь тодорхой бус. Ямартай ч энэ удаа Засгийн эрхийг атгасан АН-ынхан намчирхал гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж, ёстой л нам дагавал ам тосдоно гэгчийн үлгэрийг амьд жишээгээр харуулж буй юм. Энэ нь албан тушаалын томилгоо. Өмнөх Засгийн үед төдийгүй түүнээс ч өмнө албыг нь авч ажлаа хийж  ирсэн хичнээн хүн Ардчилсан намын халаа сэлгээний хүчит шуурганд өртөх юм бүү мэд.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр АН-ын сэлгээний хар шуурга Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэнг дайрч үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан учир тэрбээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна. Б.Сэргэлэн эл албыг овоо хэдэн жил хашиж, нэг үеэ бодвол”мөхсөн” гэгдэж байсан дууриуд сэргэж тус театрын хаалгаар орох хүмүүсийн тоо ч өссөн гэдэг. Түүнийг анх эл том айлын даргаар томилогдож МУГЖ Б.Эрдэнэбатын халааг авч байх үед “Балетчин театрыг удирдаж чадахгүй” хэмээн ихээхэн хэл ам гарч Б.Сэргэлэн хатагтай ч хатуу үгээр нам дарж байсан гар чангатай нэгэн. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн энэ хатагтай даахгүй нохой булуу хураана гэгчээр МАН-ын нөхдүүдтэй сүжирч, улстөржих болсон юм. Ямартай ч түүнийг халаа сэлгээ тойрсонгүй. Түүний халааг Ч.Мөнхзул залуу авчээ. Түүнийг МҮОНТ-ийн найруулагчаар ажиллаж байсан гэх юм билээ.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн “Монгол туургатан” театрын даргаар АН өөрийн хүнээ томилохоор шийдэж, саяхан АН-ын батлах өвөртөлсөн дуучин Д.Хишигбаярт даргын өрөөний түлхүүрийг атгуулсан. Харин өмнөх захирал Ч.Ганхуягийг нохой явган, гахай нүцгэн орхиогүй бололтой. Эх сурвалжуудын хэлж байгаагаар Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран сайхны удирдагч болсонтой холбоотойгоор “Монгол туургатан” театрын захирлын орон тоо гарснаас бус албан тушаалын халаа сэлгээ биш хэмээж байсан. Ямар ч байсан Төв аймгаас төрсөн дуучин залуу театраа толгойлох боллоо. Цаашид театрын өнгө төрх, хувь заяа, ирээдүйд замнах зам ямархан байхыг Д.Хишигбаяр мэднэ. “Монгол туургатан” театрын шинэхэн захирал Д.Хишигбаярыг гүндүүгүй, дөлгөөхөн нэгэн гэдэг. Уран бүтээлээс өөрийг бодож, бизнес энэ тэр гэж гүйдэггүй түүнийг урлагтаа тууштай зүтгэдэг хэмээн мэргэжил нэгт нөхдүүд нь үнэлдэг юм билээ. Тэгэхээр хоёргүй сэтгэлээр ажилдаа хандаж театраа авч явах нь дамжиггүй.

Харин АН Засгийн газраа бүрдүүлсний дараахан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл урлагийн газрын даргаар жүжигчин Н.Оргилыг томилсон нь олныг гайхшруулж байв. Ер нь энэ суудал байнга л олны анхаарлын төвд байдаг төдийгүй томилогдсон хүмүүс нь ч анхаарал татдаг. Түүнээс өмнө МУГЖ Б.Эрдэнэбат, Б.Наранзун нарын “цэвэр” урлагийн хүмүүс томилогдож байсан ч тэдний ажлын тайлан нь тийм юм хийсэн, ийм юм хийсэн гэх чимээгүйгээр ч халаагаа өгдөг уламжлалтай болсон юмдаг.

Н.Оргилын тухайд орос, англи хэлтэй, АНУ-д сургууль төгссөн, гадаадын уран бүтээлчдийн хийсэн түүхэн болон адал явдлын сэдэвт кинонд гол болон туслах дүр бүтээж явсан, чамгүй олон рекламанд тоглосон, нэгэнтээ загвар өмсөж байсан гээд энэ хүрээнд амьдралынх нь түүх эргэлдэнэ.

Эл суудалд очсоноор өөрийн мэддэг салбартаа хэр өгөөжтэй зүйл хийхийг цаг хугацаа харуулна. Нам дагасны хүчинд олж авсан албан тушаалынхаа хүчээр хэн юу хийхийг харах ажил л Монголчууд бидэнд үлдэж байх шив.

Ж.Ананд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top