Засгийн газрын квотыг хоосон тоогоор хаадаг гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 03

Зам, тээврийн сайд А.Гансүх, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар уулзаж ярилцжээ. Уулзалтын үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх  “2013 онд авто зам, төмөр замын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Бид бүтээн байгуулалтын ажилд үндэсний компаниудаа дэмжиж ажиллах бодлогыг барьж байгаа. Зайлшгүй шаардлагатай, нарийн мэргэжил шаардсан ажилд л гадны ажиллах хүч авахыг чухалчилна” гэдгийг онцлон хэлсэн байна.

Харин хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Зам, тээврийн яамны удирдлагуудад хандаж “Та бүхэн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгүүлэх тендерт шалгарсан компаниуддаа монгол ажилчид авах, дагалдуулах хэрэгтэй гэсэн нөхцлийг тавимаар байна. Мөн Хөдөлмөрийн яамны зүгээс мэргэжил олгох, мэргэжилтэй ажилчин бэлтгэх богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж байгаа. Эндээс төгсөгчдийг компаниуд дагалдангаар ажиллуулаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс эхлээд цалинжуулаад, эргээд өөрсдийн ажиллах хүчинтэй, иргэдээ ажилтай болгоход бодлогоор дэмжихийг хүсье” гэжээ.

Түүнчлэн тэрбээр гадаадаас ажиллах хүч оруулж ирэх компаниуд хүнийхээ тоог үнэн зөвөөр гаргаж өгдөггүйгээс Засгийн газрын квотыг хоосон тоогоор хаадаг тал дээр хяналт тавихыг холбогдох албаны хүмүүст анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top