Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 49 дүгээр бага хурал үргэлжилж байна. “Евро-Атлантын аюулгүй байдлын хамтын нийгэмлэгийн ирээдүй” сэдэвт хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден хийснээр бага хурлын хоёр дахь өдөр эхлэв.
Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жозеф Байдентай хурлын үеэр уулзаж ярилцахад тэрээр Монгол Улсад айлчилж байснаа дурсан дахин айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Сайд Л.Болд энэ сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Вук Жеремич, Бельгийн Батлан хамгаалахын сайд Петер де Грем нартай уулзаж, яриа хэлэлцээ хийлээ.
Түүнчлэн тэрээр Турк Улсын Гадаад хэргийн сайд Ахмэд Давутоглу, Германы Гадаад хэргийн дэд сайд, Бундестагийн гишүүн Михаел Георг Линк, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд, Парламентийн гишүүн хатагтай Тошико Абе, Европын батлан хамгаалахын агентлагийн дарга хатагтай Глауде-Франц Арноулд зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений энэ удаагийн бага хуралд өнгөрсөн жилийнхээс 20 орчим орноор илүү буюу энэхүү бага хурлын түүхэнд хамгийн олон 90 орчим орны төр, засгийн дээд түвшний төлөөлөгчид оролцож буй нь онцлог байв.
Энэхүү үзүүлэлт нь дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг тус бага хурлын нэр хүндийн өсөлтийн илэрхийлэл болж буй ба нөгөө талаас нийтээр хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай аюулгүй байдлын шинэ сорилтууд буурахгүй байгааг харуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )