Уул уурхайн түр хороо мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

 

Уул уурхайн дэд хорооны гишүүд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ түр хорооныхоо талаарх товч мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Шинэ байгуулагдсан парламентад УИХ-ын нэр бүхийн  26 гишүүн шаардлага хүргүүлсэн. Бид үргэлжлүүлээд түр хороо байгуулах хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Үндсэндээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөдөлгөж,  хамгийн гол нь Монгол улсад ашигтай байх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлж ирсэн. Өмнө нь УИХ-д олон шаардлага тавьж байсан. Одоогоор 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-д шаардлага 10 гаруй шаардах бичгийг хүргүүлж ажилласан байна. Бид эрчимтэй үр дүнтэй ажилласны үр дүнд шинэ Засгийн газраас Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад хоёр хоногийн дараа Оюутолгойн хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчдийн хурлыг хийхээр болж байна. Түр хороонд нам, намын төлөөллөөс ороод явна” гэлээ.

 Үүний дараа  УИХ-ын гишүүд өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Уянга: “Бидэнд тулгарсан гол асуудал нь Монгол Улсыг тэр чигээр нь сэндийчиж хаях гээд байна. Ялангуяа Өмнөговь аймагт мал бэлчих газар байхгүй боллоо. Монголын тусгаар тогтнол гэдэгт  малчин, малтайгаа, хээр тал нутаг багтаж байгаа. Тэгэхээр Монгол орны хаана нь ямар баялаг байгаа вэ. Энэ баялагуудаас хэзээ яаж ашиглах вэ гэдэг бодлогын хүрээг тодорхойлохоор өнөөдрийн Засгийн газар төрд дэмжлэг болохоор ажиллана гэж бодож байгаа. Энэ хүрээнд Оюутолгойн гэрээний асуудал сөхөгдөн яригдаж байгаа нь ойлгомжтой. Хамгийн гол нь өнөөдрийн нөхцөлд хэтэрхий шударга бус гэрээг тогтвортой байлгаач гэж хүсээд байна. Нэг тал нь хэтэрхий өөрийн эрх ашгаа тулгасан нөгөө тал нь зөвшөөрсөн хяналтаа тавих бололцоо байхгүй энэ гэрээг л бид зөв, шударга зарчмаар өөрчлөх юм. Дахиад хэдэн ч жилийн баталгаа өгч чадах нөхцөлд байдалд байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байх.”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Хувь хүний үүднээс ярихад гэрээнд гуравхан гол нөхцөл байдаг. Нэгдүгээрт: Хугацаа. 70 жил гэдэг хуулин дээр ямар ч тоо байхгүй. Хоёрдугаарт, Үнэ. Үнэ анхны тохирсноос хэд дахин өссөн байгаа. Гуравдугаарт, Хийх ажлын нөхцөл. Гэхдээ ТЭЗҮ-ийг баталлаа гээд нөхцөл нь ард түмэнд тодорхой бус байгаа.Энэ гэрээг дахиж ярих нь зөв гэж бодож байна. Аливаа уул уурхайд зөв бодлого, зөв журам байх ёстой гэж үзэж байна.”

УИХ-ын гишүүн Д.Батцогт: “Ямар байсан УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлаад түр хороо байгуулаад УИХ-ын дэмжлэг авсанд баяртай байгаа. Бид уул уурхай хариуцлагатай байх уу? Хөгжих үү? гэдэг асуултын өмнө ирчихээд байна. Өнгөрсөн долоо хоногийн мэдээллээр бид нэг ойлголтоой боллоо. Оюутолгой хөрөнгө оруулагч “Даварсаар даварсаар Дагвын оронд” гэдэг шиг анхны хөрөнгө оруулалтыг улам бүр нэмсээр одоогийн байдлаар хоёр тэрбум ам.доллараас хэтэрсэн. Цаашид 10 гаруй тэрбумаар нэмэгдүүлнэ гээд яриад сууж байна. Тэгэхээр энэ болгонд бид Оюутолгойгоо алдсан, ямар нэг бодлогыг монгол төр барьж чадахгүй байгаагийн илрэл. Ямар ч байсан ямар нэг хүмүүсийг буруутгахаас илүү Монголчуудад үр өгөөжөө өгсөн төсөл байгаасай. Оюутолгой бол ганцхан сэдэв. Цаана нь зөндөө олон хариуцлагатай уул уурхай байгаа” гэлээ.

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top